Ковер зургийн тайлбар: Лондоны нисэх онгоцны буудал Хитроу өргөтгөгдснөөр 2030 он гэхэд дэлхийн хамгийн том буудал болж байгаа юм
Дэлхий дахинд
UNESCO жил бүр гаргадаг “Дэлхийн соёлын өв”-ийн жагсаалтанд шинээр нэмэгдэх газруудыг нэрлэж байна. Бахрайны Манама хотноо хуралдаж буй 21 улсын төлөөлөл бүхий зөвлөл нийт 30 нэр дэвшигчээс сонголт хийж байгаа бөгөөд Оманы эртний хот Калхат, БНСУ-ын Санса ууланд орших сүм зэрэг нийт 6 газрыг одоогоор сонгоод байгаа аж. Уг жагсаалтыг 1978 оноос эхлэн танилцуулах болсон билээ.
Британийн парламент Лондоны нисэх онгоцны буудал Хитроуг өргөтгөх шийдвэр гаргалаа. 2030 он гэхэд дуусах шинэчлэлийн нийт төсөв нь 20 тэрбум доллартай тэнцэж байгаа ч эрх баригчид аялал жуулчлал, бизнесийн илүү өргөн боломжийг үүсгэнэ гэдэгт итгэлтэй байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 110 сая зорчигч хүлээн авах боломжтой болох Хитроу ингэснээр дэлхийн хамгийн том буудалд тооцогдох болж байгаа юм. Одоогоор тэд жилд 78 сая зорчигч хүлээн авдаг бөгөөд Атлантагийн онгоцны буудал 104 сая зорчигчтойгоороо жагсаалтыг тэргүүлдэг юм.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад гарсан эбола вирусын тархалтыг зогсоож, хяналтдаа авч чадсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдээллээ. Анхны тохиолдол илэрч, онц байдал зарласнаас хойш 7 долоо хоногийн дотор өвчтөнүүдийг бүрэн тусгаарлаж, болзошгүй орчинд байсан иргэдийг вакцинжуулснаар тэд энэ амжилтанд хүрчээ.
Монголын улс төрийн ертөнцөд онцлох хэд хэдэн мэдээ гарсан долоо хоног байлаа. УИХ-аас төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогодоо өөрчлөлт оруулж, агаарын тээврийн үнийг чөлөөлж, Бээжин, Сөүл чиглэлийн нислэгт чөлөөт өрсөлдөөн оруулах боломжтой болголоо. Ингэснээр нислэгийн тоо хэмжээ нэмэгдэж, үнэ буурах боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн Тавантолгойн төслийг хөдөлгөж, эргэлтэнд оруулах тогтоолыг баталсан. Үүний үр дүнд Тавантолгойг олон нийтийн буюу нээлттэй компани болгох боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна Монгол улсын Засгийн Газар энэ сард төлж барагдуулах ёстой байсан 1 тэрбум юанийн Дим сам бондын эргэн төлөлтийг дуусгаснаа зарласан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зөвхөн энэ сард гадаад өр барагдуулахад 460 тэрбум төгрөг зарцуулсныг онцолсон байна.
ОХУ-д явагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд шуугиан дүүрэн эхэллээ. Өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгчид болох Л.Месси, К.Роналду нарын тэргүүлсэн Аргентин, Португалын шигшээ багууд нэг өдөр тэмцээнийг орхив. Тэд Франц, Уругвайн багт ялагдал хүлээсэн билээ. Үүний дараагаар тэмцээний гол фаворитуудын нэг Испанийн баг талбайн эзэн Орост торгуулийн цохилтоор хожигдож, Москваг баяр хөөрт умбуулав. Дэлхийн аварга цолыг хамгаалагч Герман хэсгээсээ ч шалгарч чадаагүй, топ багууд хасагдсан онцлох зүйл ихтэй дэлхийн аварга үргэлжилж байна.
WOW: Дэлхийн Аварга!
технологийн ертөнцийн эргэн тойронд
Apple ирэх 9-р сард албан ёсоор гаргах iOS 12 үйлдлийн системийн бета хувилбараа нээлттэй болголоо. Хуучин утаснуудад ч асуудалгүй-хурдтай ажиллана хэмээн амлаж буй бета хувилбарыг туршихыг хүсвэл 99 центээр хүн бүр худалдаж авах боломжтой аж. iOS 12-д хэрэглэгчийг хэр их утсаа ашиглаж байгааг, ямар апп-ийг хэр их хэрэглэж буйг илтгэдэг нэмэлт орж ирж байгаа нь ихээхэн анхаарал татаж буй. Утасны зохистой хэрэглээг түгээх зорилготой гэх Apple notification буюу сонордуулгуудыг багцалж, уулзалтын үеэр богино хугацаагаар идэвхжүүлэх боломжтой Do Not Disturb нэмэлтүүдийг гаргаж байна. Мөн Apple Books, News, Photos, Stocks зэрэг апп-ууд шинэчлэгдсэн ажээ.
Techcrunch: iOS 12-ийг шинжихүй
Хонда компани 2000 онд анх танилцуулж байсан Аsimo роботын хөгжүүлэлтээ зогсоож байгаагаа зарлалаа. Хамгийн анхны өөрөө явдаг робот болж байсан Аsimo хүнд заавар, мэдээлэл өгөх, чиглүүлэх үүрэгтэй юм. Шинэ үеийн залуусыг роботиктой танилцуулж, урам зориг өгсөн Asimo-ийн амжилтаар бахархаж байгаагаа Хонда мэдэгдээд илүү шинэлэг, шинэ төслүүд дээр анхаарал хандуулна гэдгээ дуулгасан юм. Сонирхуулахад, Asimo гэдэг нэр нь алдарт зохиолч А.Асимовын нэрнээс үүдэлтэй гэнэ.
Элон Маскийн хөрөнгө оруулсан OpenAI-ийн хөгжүүлсэн хиймэл оюун Dota 2 тоглоомоор хүнийг хождог болсноо зарлалаа. Өдөрт 180 жил тасралтгүй тоглосонтой тэнцэх хэмжээний тоон мэдээлэл цуглуулж буй гэх энэ хиймэл оюун ирэх 8-р сард болох Dota 2-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, бүрэн туршилт хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Шатар, го даам зэрэг хиймэл оюуны “мэргэшээд” буй бусад тоглоомуудтай харьцуулахад Dota 2 нь тухайн цаг мөчид нөхцөл байдал дээр суурилсан шийдвэр гаргалтыг тогтмол хийдгээрээ онцлогтой гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна.
Uber-ийн гол өрсөлдөгч Lyft 600 сая долларын хөрөнгө оруулалт босгосноор 15.1 тэрбум долларын үнэлгээтэй боллоо. Өдгөө Америкийн зах зээлийн 35 хувийг эзэлж буй гэх тэд Канадад үйл ажиллагаагаа тэлж, олон улс руу анхаарлаа хандуулаад байгаа билээ.
Гурван үгээр хаягжилтийн асуудлыг шийдэх шийдлийг санал болгодог what3words Хятадын хамгийн том авто групп SAIC Motor, Формула 1-ийн дэлхийн аварга Нико Росберг тэргүүтэй бүлгээс хөрөнгө оруулалт босголоо. Монгол улсад амжилттай нэвтэрсэн what3words шинэ хөрөнгө оруулалтаа шинэ зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд зарцуулах гэнэ.
RIP: Асимо Робот!
бизнес ертөнцийн эргэн тойронд
Хятадын хамгийн их хэрэглэгчтэй апп-уудын нэг Meituan Dianping Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах боллоо. Хоол хүргэлтийн үйлчилгээгээрээ алдаршсан Meituan хамгийн сүүлд 4-р сард дугуй түрээсийн MoBike-ийг 2.7 тэрбум доллараар худалдаж авч, үйлчилгээний чиглэлээ улам бүр тэлсээр байгаа. Өдгөө 310 сая идэвхтэй хэрэглэгчтэй, 5 тэрбум долларын борлуулалттай, 54.8 тэрбум долларын гүйлгээ хийгддэг тус апп 4 тэрбум орчим долларыг босгохоор зэхэж байгаа бололтой.
Нэгэн үе Теслагийн өрсөлдөгч хэмээн үнэлэгдэж байсан цахилгаан автомашины технологи хөгжүүлэгч Faraday Future шинэ хөрөнгө оруулалт татлаа. Тэд Хонгконгийн Evergrande-д 45 хувьтай тэнцэх хувиа 2 тэрбум доллараар үнэлэн зарж, 2020 он хүртэл тасралтгүй хөрөнгө оруулах “амлалт” авснаар 2014 онд анх зарласан машинаа худалдаанд гаргах боломжтой болж байна.
Байр түрээсийн үйлчилгээ үзүүлж, зочид буудлуудын хамгийн том өрсөлдөгч болоод буй Airbnb 2019 оны 6-р сар гэхэд IPO хийхэд бэлэн болно хэмээн мэдэгдлээ. 31 тэрбум долларын үнэлгээтэй тэд 4000 гаруй ажилтандаа 2018, 2019 онд бэлэн мөнгөөр бонус өгөх болсноо зарлахдаа энэ мэдээллийг баталжээ.
Амазон онлайн эмийн сан PillPack-ийг 1 тэрбум орчим доллараар худалдан авлаа. Америкийн 50 мужид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй PillPack-ийг өмнө нь Уоллмарт авахаар сонирхож байгаа тухай мэдээлэл гараад байсан юм. Сонирхуулахад Амазон У.Баффетийн Berkshire Hathaway, JPMorgan-тай хамтран эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хамтарсан компанийг байгуулаад байгаа билээ.
Samsung 8-р сарын 9-нд Нью Йорк хотноо шинэ эвент зарлалаа. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар тэд Galaxy Note 9-ийг албан ёсоор танилцуулах бололтой. Шинэ утасны гол давуу тал нь илт сайжирсан үзэг хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа билээ.
Японы Casio компанийн CEO Казуо Кашио 89 насандаа таалал төгслөө. Тэрээр хамгийн анх электрон тооны машинаар амжилт олсон Casio-г үүсгэн байгуулагч ах дүү дөрвийн нэг байсан юм. Кашиогийн анх санааг нь олж зах зээлд нэвтрүүлсэн доргилтын хамгаалалттай бугуйн цаг нь Casio-ийн дараагийн 30 жилийн амжилтын үндсийг тавьж, өдгөө ч салбартаа тэргүүлэгчийн байр сууриа бататгасаар яваа билээ.
Faraday Future-ын FF 91 машин тун удахгүй!
сошиал медиа ертөнцийн эргэн тойронд
Твиттер компанийн бүтцээ шинэчилж, инженер, бүтээгдэхүүн, борлуулалт, судалгаа гэсэн үндсэн хэсгүүдэд хуваагдан ажиллах болсноо зарлалаа. Энэ шинэчлэлийн хүрээнд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирлаар Periscope-ийн CEO-оор ажиллаж байсан К.Бейкпур томилогдсон байна. Бейкпур 2014 оноос хойш энэ албан тушаалд очсон 6 дахь эрхэм болжээ.
1.5 тэрбум хэрэглэгчтэй WhatsApp групп чатын админуудад шуурхай мэдээлэл, онцлох мэдээ, мэдэгдэл зэргээ тусгайлан хүргэх боломж олгох “broadcast” нэмэлтээ танилцууллаа. Гэхдээ уг нэмэлтийг Telegram хамгийн түрүүнд нэвтрүүлж, хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байсныг онцлох хэрэгтэй. WhatsApp уг нэмэлтийг албан байгууллага, сургуулиуд, хэвлэл мэдээллийн байгууллагууд ашиглаж, гишүүд-хэрэглэгчидтэйгээ ойртох боломжтой хэмээн үзэж байгаа гэнэ.
Инстаграм сторидоо дуу хуваалцах шинэ нэмэлтийг танилцууллаа. Ингэснээр хэрэглэгчид тусгай стикер ашиглан оруулж буй зургандаа тохирсон дууг хуваалцах боломжтой болж байна. Сториг үзэхэд дуу автоматаар явах бөгөөд стикер дээр дарахад илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх аж. Одоогоор 400 сая хэрэглэгч өдөр бүр стори оруулдаг гэнэ. Үүнээс гадна тэд энэ долоо хоногоос эхлэн 4 хүртэлх найзаа урин видео дуудлага хийх нэмэлтээ хэрэглээнд нэвтрүүлжээ.
Google Calendar таныг ажлын бус цагаа тохируулж, уулзалт, эвентийн урилгад автоматаар “татгалзах” хариу илгээх боломж олгох нэмэлтээ танилцууллаа. “out of office” горимыг идэвхжүүлснээр та зөвхөн өдрөө бус бүр цагаа тааруулан өөрийн ажлаа зохицуулах боломжтой болж байна. Үүнээс гадна Google зурган хайлтын системээ сайжруулж, дизайны шинэчлэл хийн Pinterest-тэй нэлээн төстэй болгожээ.
Японы номер нэг чат апп Line крипто арилжааны BitBox нэртэй платформоо танилцууллаа. 15 хэл дээр 30 гаруй токен арилжаалж болох уг платформ нь ердөө 0.1 хувийн шимтгэлтэй байх гэнэ. 2016 онд IPO хийж, 1.1 тэрбум доллар амжилттай босгосон Line-ийг дэлхий даяар 200 сая хүн ашигладаг. Microsoft-ийн эзэмшиж буй Linkedin илүү хялбар байдлаар буюу QR кодоор хоорондоо холбогдох боломжтой боллоо. Үүнээс гадна тэд хиймэл оюунд суурилсан автомат орчуулгын үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Ингэснээр тус платформыг ашиглагч 560 сая хэрэглэгчид өөр хэл дээр бичигдсэн тайлбар, нийтлэлийг түвэггүй унших боломжтой болж байгаа гэсэн үг юм.
Инстаграмийн шинэ нэмэлтийг та туршиж үзсэн үү?
ЭНТЕРТЭЙНМЕНТ ЕРТӨНЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Канадын уран бүтээлч Drake-ийн бие даасан 8 дахь цомог Scorpion худалдаанд гарсан эхний өдрөө чартын дээд амжилтуудыг эвдсээр байна. Spotify-д дебютээ хийсэн өдрөө 132 сая удаа сонсогдсон нь өмнөх дээд амжилтыг даруй 50 саяар ахиулсан хэрэг юм. Apple Music-ийн дээд амжилтыг ч илт тасархай эвдсэн энэ цомог 92 улсын чартыг албан ёсоор тэргүүлж эхэлжээ.
Warner Bros-ийн эзэмшдэг DC онлайн стриминг үйлчилгээгээ зарлалаа. DC Universe нэртэй тус платформ нь Superman, Batman зэрэг Justice League-ийн баатруудын түүхийг өгүүлэх шилдэг кино, Titans, Doom Patrol, Harley Quinn зэрэг шинээр цацагдах телевизийн цувралуудаас гадна анимэйшн үзэж, комик ном уншиж, дэлгүүрээс худалдан авалт хийн, уран бүтээлчидтэй холбогдох форумыг санал болгож байна. Зөвхөн контент хэрэглэхээс хавь илүүг санал болгоно гэх DC Universe шинэ гишүүдийн бүртгэлээ эхлүүлжээ.
Америкийн энтертэйнмент ертөнцийн хамгийн нөлөөтэй эрхэмүүдийн нэг Jay-Z Цахиурын хөндийд албан ёсоор венч хөрөнгө оруулалтын компаниа байгууллаа. Marcy Venture Capital нэртэй тус сан эхэн үеийн стартапуудыг дэмжих гэнэ. Сонирхуулахад, Jay-Z 2011 онд Uber-ийг дөнгөж 300 сая долларын үнэлгээтэй байхад нь хөрөнгө оруулж байсан туршлагатай билээ.
Snap өөрийн гэсэн тоглоомын платформ хөгжүүлж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Тэд энэ оны төгсгөл гэхэд Snapchat апп-тай зохицон ажилладаг тоглоомуудыг санал болгохоор зэхэж, тоглоом хөгжүүлэгчдийг эгнээндээ нэгтгэж байгаа гэнэ. Сүүлийн үед AR технологийг ихэд сонирхох болсон Snap жижиг хэмжээний тоглоомуудаар хэрэглэгчдийн тоогоо өсгөнө хэмээн найдаж байгаа аж.
Paramount 2019 онд 90-ээд оны хүүхэд залуусыг байлдан дагуулж байсан Соник тоглоомоос сэдэвлэсэн кино гаргах гэж байна. Тэд Соникийн эсрэг талын баатар Доктор Роботникийн дүрд алдарт Жим Кэрриг тоглуулахаар хэлэлцээр хийж байгаа ажээ.
алдалгүй унших арван мэдээ
Techcrunch: Мянга мянган крипто төслүүд аль хэдийн үхсэн!
Polygon: Avengers 4-ийн талаар бидний мэдэх бүх зүйлс
Space: NASA шинэ телескопын төслөө 2021 он хүртэл хойшлууллаа
Variety: Jurassic World бокс оффисийг тэргүүлсээр
BBC: Мексик улс сонголтоо хийж байна
QZ: Анхны хөлбөмбөгийн дэлхийн аварга гэрэл зургийн дуранд
Techcrunch: Tesla Model 3 захиалгаа авч эхэллээ
Vox: Аннаполисийн халдлагын талаар бид юу мэдэх вэ?
BBC: 42 настай дээрэмчин нисдэг тэргээр шоронгоос оргожээ
Youtube: "Apple-ийн захирал Тим Күүк-ийн Fortune's CEO Initiative дээр хийсэн ярилцлага"
Сэтгэгдэл бичих