Хүн төрөлхтөн үргэлж аз жаргалтай, урт удаан, эрүүл амьдралыг хүсэн мөрөөдөж, асар олон саад бэрхшээлийг туулж ирсэн. Тэдний үлдээсэн өв, үнэт зүйлсийг хадгалж, хайртай бүхэндээ ирээдүйг үлдээхийн төлөө та өнөөдөр юу хийж байна вэ? Тогтвортой хөгжил хэмээх хоёр үг таны бодож буй төсөөлөл, хийж буй алхамтай нийцэж байгаа юу?

Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал зуршил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.

Тогтвортой хөгжлийн зорилгууд нь бүх нийтийг ирээдүйн төлөөх нэгэн уулзварт нэгтгэж, дэлхийн түүхийг өөрчлөх хамгийн чухал он тооллыг бүтээж буй. Энэ мөчид хөгжлийн талаарх бидний төсөөлөл нэгэн зүгт огтлолцож байгаа болов уу? Айсуй жилийн хамгийн гол чиг хандлага бидэнд юуг өгүүлнэ вэ хэмээх асуултын мөрөөр энэ удаагийн товхимлоо бэлтгэлээ.

Дэлхийн 750 гаруй судлаач, шинжээчдийн байр суурийг нэгтгэсэн Global Risk Report 2020 буюу Дэлхий дахины эрсдэлийн тайланд дурдсанаар ирэх 10 жилд хүн төрөлхтөнд тохиох хамгийн өндөр эрсдэлтэй таван хүчин зүйлийг тодорхойлжээ. Тэдгээр нь бүгд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны эрсдэлтэй холбоотой байв.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихэсч, хот, суурингуудын дэд бүтэц, эд хөрөнгө сүйдэн, их хэмжээний хохирол учрах магадлалтайг тайланд онцолсон. Мөн улс орнуудын Засгийн газар, томоохон бизнесүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг хор хөнөөлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүд саарах төлөвтэй байна.

Хүн буруутай үйл ажиллагааны улмаас цацраг идэвхит химийн хорт бодисууд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх эрсдлүүд ч олон байна. Мөн дэлхийн өнцөг буланд бүрд усны хямрал нүүрлэхээр байгааг анхааруулсаар байгаа юм. Усны зөв хэрэглээ, нөөцийг бий болгох тухай асуудал нь олон орны толгойны өвчин болох тухай ч тайлбарлажээ. Манай улсад гэхэд хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн 56 хувь нь баталгаатай ундны эх үүсвэргүй амьдарч буй.

Тэгвэл нийгэм, эдийн засгийн эрсдэлүүдийн хувьд дата, технологийн хөгжлийн нөлөөгөөр ирэх арванд цахим орчны халдлага, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай асуудал хурцдах төлөвтэй байна. Улс орнуудын Засгийн газар, улс төрийн тогтвортгүй байдал даамжирч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөөсрөл үүсэх магадлалтай байгааг бид анхаарах учиртай. Харин богино хугацааны эрсдэлийн хувьд судалгаанд оролцогчдын 78 хувь нь 2020 онд дэлхийн олон оронд эдийн засгийн хямрал нүүрлэнэ гэж үзжээ.

Дэлхийн дахинд тулгарч буй дээрх олон асуудлыг хэлэлцэхээр 50 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй Дэлхийн эдийн засгийн чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийн талаарх сэдвийг онцлох гэж буй. Энэ хүрээнд олон улсын төрийн тэргүүнд, салбар бүрийн манлайлагчид “Тогтвортой хөгжлийг цогцлоох оролцогч талууд” сэдэв дор олон асуудлыг хэлэлцэх гэж байна.

Монгол Улс хаана явна?

Өнөөдрөөс таван жилийн өмнө НҮБ-ын гишүүн 193 орны баталсан тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтын хэрэгжилт, үйл явцын талаар та хэрэ мэдэж байгаа вэ? Монгол Улс тогтвортой хөгжлийн “гэрийн даалгавар”-аа хэр гүйцэтгэж байгаа бол?

Монгол Улс өнгөрсөн хугацаанд өлсгөлөн, хүнс, тэжээл, боловсролтой холбоотой зорилтуудын хүрээнд хамгийн өндөр ахиц дэвшил гаргасныг Үндэсний статистикийн хорооноос гаргасан Тогтвортой хөгжлийн төлөв байдлын тайланд дурдсан. Тухайлбал, 2007 онд хоол тэжээлийн дутагдалтай тав хүртэлх насны хүүхдийн тохиолдлыг 27.5 хувиас 2016 он гэхэд 10 хувьд хүргэжээ. Энэ тоо жил ирэх бүр буурсаар байгаа юм.

Харин огцом ухралт хийсэн, анхаарах шаардлагатай зорилт бол ядуурлыг бууруулах асуудал юм. 2014-2018 онд Монгол Улсын ядуурлын төвшин 21.6 хувиас 28 хувь болтлоо өсчээ. Энэ үзүүлэлтийг доошуулахгүйгээр ТХЗ-ын бусад зорилтыг биелүүлэхэд бэрхшээлтэй.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд гарсан ухралтууд:

-Зохистой хөдөлмөр эрхлэлт ба эдийн засгийн өсөлт: ажлын байрны хомсдол, эдийн засгийн тогтворгүй байдал хэвээр

-Тэгш бус байдлыг бууруулах: хөдөө орон нутгийн боловсрол, орлогын тэгш бус байдал сайжраагүй

-Хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл: хаягдал, химийн хорт бодис агуулсан үйлдвэрлэлүүд буураагүй

-Хуурай газрын экосистем: Бэлчээрийн доройтол, цөлжилт даамжирсан.

Бид цаашид алдаа засаж, асуудлаа шийдэхийн тулд салбар бүрийн хууль тогтоомжийн хэрэгжилт, бодлого, төлөвлөлтийн арга хэмжээг сайжруулах шаардлагатай болжээ. Уул уурхайн үйлдвэрлэл зонхилж буй Манай улсын хувьд байгалийн нөөц ашиглалтыг байгальд ээлтэй шийдэл, бодлогоор хэрэгжүүлэх нь чухал юм. Мөн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, цөлжилт, биологийн олон янз байдлын хомсдол, ядуурал, агаарын бохирдол зэрэгт нэн тэргүүн анхаарах шаардлагатай цаг үед ирээд байна.

Цахим товхимолд бүртгүүлэх: http://2030.mn/

2030