Бид хөргөгчид байх хоол хүнсээ дуусаж буйг сайн анзаардаг хэрнээ тархинд дутагдах дааврын хэмжээг төдийлөн анзаардаггүй. Серотонин буюу аз жаргалын даавраар дутагдаж буй хүн таны ойр орчимд хэр олон байгаа бол? Хүний тархинд эстроген (тааламжтай мэдрэмж), кортизол (стресс), допамин (сэтгэл ханамж) хэмээх төрөл бүрийн даавар ялгарч, бодисын солилцоог тэнцвэржүүлдэг. Гэвч өдгөө дэлхийн 4 хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж, эерэг даавраар дутагдаж байна.

Сэтгэл гутрал бол ханиадтай адил гадны тусламж шаарддаг бие махбодын бодитой өвчин тул сэтгэл зүйн тогтвортой байдал нь тархи, зүрхнээс дутахгүй анхаарал шаарддаг билээ. Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаад буй энэ цаг үед сэтгэл зүйн эрүүл мэнддээ зориуд анхаарах нь зүйтэй тул Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран бэлтгэдэг “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлын энэ удаагийн дугаарт сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг хөндлөө.

Тоогоор тайлбарлах нь 

20%: ДЭМБ-ын судалгаагаар 2010 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 15 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол 2020 онд 20 хувь болж нэмэгдэх магадлалтай хэмээн үзэж байна.

38%: Манай улсын хүн амын гурван хувь нь ямар нэг хэлбэрийн сэтгэцийн эмгэгтэй бол 38 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай буюу сэтгэцийн эмгэгт өртөх магадлал өндөр хэмээн үздэг.

VII & III: Монгол Улсад сүүлийн 15 жилд архинд донтох эмгэг 25, сэтгэл түгших эмгэг найм, сэтгэл гутрах эмгэг долоо дахин өссөн. Уг үзүүлэлтээрээ манай улс Ази номхон далайн орнуудаас сэтгэл гутралаар долдугаарт, бусад төрлөөр гуравт эрэмбэлэгдэж байна.

500: Манай улсад жил бүр 500 орчим хүн амиа егүүтгэдэг. Үүний 400 гаруй нь эрэгтэй, 100 орчим нь эмэгтэй байна. ДЭМБ-ын статистик судалгаагаар Монгол Улсын амиа хорлолтын түвшин 100 мянган хүн амд 15 хувьд хүрч байна.


үгээр илэрхийлэх нь 

Дэлхийн II дайны үед сэтгэл зүйн хямрал, эмгэгтэй хүмүүсийн тоо огцом нэмэгдэж, гэр бүл, хайртай бүхнээ алдсанаас болж өнчрөх, хагацах, гашуудах зэрэг сэтгэцийн асуудал хүн бүрт тулгарах болсон. Энэ хэцүү цаг үед цэргүүдийг сэтгэл зүйн хувьд бэлтгэх, иргэдийг дайны дараах хямралыг даван туулахад нь туслах зорилгоор сэтгэл зүйн зөвлөгөө анх удаа мэргэжлийн түвшинд хөгжиж эхэлсэн гэдэг. Энэ үеэр сэтгэл заслын төрөл бүрийн аргууд бий болж, сэтгэл судлаач, засалчид бүтээлүүдээ туурвих болсон юм.

Манай улсад өдгөө сэтгэцийн эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг 11 байгууллагад сэтгэцийн мэргэшсэн 99 эмч ажиллаж буй. Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд хангалтгүй байгаатай холбоотойгоор Монгол Улсад 1992 оноос хойш буюу сүүлийн 25 жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар хүн амын дунд хийгдсэн судалгаа хомс байгаа юм.

Мөн иргэд сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг, үүсэх шалтгааны тухай тодорхой ойлголттой байгаа боловч сэтгэцийн эмгэгтэй хүмүүсээс зай барих, ялгаварлан гадуурхах үзэгдэл хэвээр байгаа нь хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгаатай холбоотой.

Хорио цээрийн дэглэмтэй үед сэтгэл зүйдээ анхаарах нь
Дэлхийн даяар 14 минут тутамд нэг хүн коронавирусийн халдвар авч байна. Үүнээс болж иргэдийн дунд эргэлзэх, айж сандрах зэрэг тогтворгүй байдал үүсэж буй энэ цаг үед сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нь чухал байна. Хорио цээрийн улмаас гэртээ өнжиж буй иргэдийн хувьд жин нэмэх, хөдөлгөөний дутагдалд орох, ажлын бүтээмж буурах зэрэг сөрөг шинж тэмдэг илэрч байна.

Хөдөлгөөний хомсдол нь амьтан болон хүний биед хэрхэн нөлөөлдгийг судлахаар АШУҮИС-ийн судлаачид 20 ширхэг цагаан хулганыг 35 хоногийн хугацаанд өдөр бүр нэг цагийн турш тус тусад нь саванд хийжээ. Энэ хугацаанд хулганын биеийн жин өөрчлөгдөж, стрессээс үүдэлтэйгээр өндгөвчний үйл ажиллагаа нь алдагдсан байна. Тиймээс хорио цээрийн дэглэмтэй үед гэртээ байгаа бол дасгал хөдөлгөөн сайн хийж, тайван, стресстэхгүй байхыг зөвлөж байна. Мөн шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, сайн унтаж амрах нь чухал юм.

Сэтгэл зүйн асуудлаар хаана, хэнд хандах вэ?
Сэтгэл зүйн асуудал нь хэнд ч хэзээ ч тохиолдож болно. Тэр үед хүн өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг зөвхөн өөрөө л хамгаалах боломжтой. Тиймээс хүн бүр сэтгэцийн эрүүл мэндийн боловсролтой болж, эрүүл мэндээ хамгаалаарай. Хэрэв та өөрийгөө сэтгэл гутралтай хэмээн үзэж буй бол сэтгэл зүйч эсвэл сэтгэл засалчид хандаж болно. Харин хүнд хэлбэрийн сэтгэл гутралд хүрсэн гэж үзэж буй бол мэргэжлийн сэтгэцийн эмчид хандаарай. Хамгийн эхний алхам бол оршин сууж буй дүүргийнхээ сэтгэцийн эмчид хандах юм. Цаашид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-д хандсанаар таныг эмчлүүлэх эсэхийг сэтгэл гутралын зэргээс хамааран эмч нар шийддэг.

зөвлөгөө 

Коронавирусийн халдварын үед сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалах тухай Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан зөвлөмжийг уншаарай.



ОНЦЛОХ МЭДЭЭ 

1. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп COVID-19 өвчний тархалтын улмаас үүссэн сэтгэл гутрал, түүнээс үүдэлтэй амиа хорлолт нь коронавирусээс илүү аюултай гэв.

Дэлгэрэнгүй

2. СЭМҮТ-д жил бүр архинд донтсон 1500-1800 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Дэлгэрэнгүй

3. Хүүхэд хуруугаа хөхөж, хумсаа мэрвэл сэтгэцийн эмчид хандахыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй



САНАЛ БОЛГОХ 

ЗӨВЛӨМЖ: Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас хөл хорионд байгаа иргэд болон голомтын бүсэд ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд зориулан сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалах тухай ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг уншаарай.

ДЭМБ: COVID-19 ХАЛДВАРЫН ҮЕЭР СЭТГЭЛЗҮЙДЭЭ АНХААРАХ НЬ

ВИДЕО: NBC News телевиз коронавирусийн дэгдэлтийн улмаас гэртээ өнжиж буй өсвөр насны таван хүүхэдтэй ярилцаж, хөл хорио хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж буй тухай сурвалжилга бэлтгэжээ.

КОРОНАВИРУСИЙН ДЭГДЭЛТ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

НОМ: Хүний сэтгэл зүй аливаа шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлдөг болохыг олон сонирхолтой судалгаа, туршилтаар тайлбарлах “Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү” номыг уншиж үзээрэй.

ДАНИЭЛ КАНЭМАНЫ "ТУНГААН БОДОХ УУ, ТҮРГЭН ШИЙДЭХ ҮҮ" НОМЫН ТУХАЙ

ПОДКАСТ: “Ногоон бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс бэлтгэдэг “Зүрхээ сонс” подкастын мэргэжлийн сэтгэл зүйн үйлчилгээний тухай ярилцсан дугаарыг сонсоорой.

СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

КИНО: Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хөндсөн хамгийн сайн кинонуудын жагсаалттай танилцаарай.

СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ ОЙЛГОХОД ТАНЬ ТУСЛАХ ШИЛДЭГ КИНОНУУД

Цахим товхимолд бүртгүүлэх: www.2030.mn

2030