Та 2030 он гэхэд хийж гүйцэтгэх "гэрийн даалгавар"-аа мартаагүй биз? Бид ирээдүй хойч үеийнхний хэрэгцээгээ хангах боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийнхөө хэрэгцээг хангахын төлөө тогтвортой хөгжлийг бүтээх учиртай билээ.

Өнөөдрөөс таван жилийн өмнө НҮБ-ын гишүүн 193 орон 2030 он гэхэд ядуурлыг устгаж, тэгш бус байдалтай тэмцэн, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлж, хэнийг ч ардаа үлдээхгүй байхад анхаарах арга хэмжээнүүдийг дэс дараатайгаар авч хэрэгжүүлэх амлалт өгсөн. Энэ хүрээнд дэлхийн хаана ч очсон тулгардаг нийгэм, эдийн засаг, байгаль орчны түгээмэл асуудал, бэрхшээлүүдийг багцлан, 17 зорилгын хүрээнд шийдэхээр хичээж буй.

Тиймээс бид Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран жил гаруйн хугацаанд “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг бэлтгэн хүргэсэн билээ. Энэ хүрээнд бид шинэ оны эхний дугаартаа дэлхий нийт 2019 онд тогтвортой хөгжлийн асуудал дээр ямар ахиц үзүүлэв? Бид юу суралцав? Хаана алдаа гаргав? гэх асуултыг тавилаа. Хамтдаа өнгөрсөн оноо дүгнэж, алдаа оноогоо цэгнэн, цаашид илүү сайжрах боломжийн талаар эргэцүүлье.

Тогтвортой хөгжил нь хүн бүрт хамаатай асуудал тул хэнийг ч ардаа үлдээн хохироохгүй байх учиртай. Тиймээс тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө дэлхий дахины хөгжлийн шинэ хөтөлбөрийг бий болгон, эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн хөгжлийн гурван хэмжүүрийг нэгтгэж, 2030 он гэхэд дэлхий нийтээрээ дагаж мөрдөх замын зураглал болгосон билээ. Энэ хүрээнд шинэ аравны босгон дээр Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд гарсан онцлох үйл явц, ахиц дэвшил, алдаа оноог багцлан тоймолъё.

Ядуурлын түвшин түүхэн доод хэмжээнд хүрэв

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд нэг тэрбум хүн ядуурлаас гарснаар 2019 он гэхэд ядуурлын үзүүлэлт дэлхийн түүхэн дэх хамгийн бага түвшинд хүрчээ. Дэлхийн дахинд ядуурлын дундаж түвшин жил ирэх бүр буурч байгаа нь сайн мэдээ хэдий ч хөгжиж буй орнуудад нийгэм, эдийн засгийн хямрал, байгалийн гамшигт үзэгдэл зэргээс шалтгаалан хэт ядуу иргэдийн тоо төдийлөн буурахгүй байгаад анхаарал хандуулах шаардлагатай юм. Өдгөө манай гаригийн нийт хүн амын 8.6 хувь нь ядуу, орлого багатайд тооцогдож байна. Түүнээс гадна хөгжиж буй орнуудын эдийн засгийн хямрал, бууралтын улмаас 2014 оноос хойш хоол тэжээлийн дутагдлын тархалт өссөөр байгаа тул ядуу, эмзэг бүлгийн, бага насны хүүхдүүдийг эрүүл, шим тэжээлтэй, хүрэлцэхүйц хоол хүнсээр хангаж, өлсгөлөнг зогсоох шаардлага тулгарсаар байна. 2018 оны байдлаар дэлхий дээр 820 гаруй сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ.

ХДХВ-ИЙН ХАЛДВАР 2010 ОНООС ХОЙШ 22 ХУВИАР БУУРЛАА

Эрүүл мэндийг дэмжих зорилтын хүрээнд дэлхий нийтэд эх, үрийн эндэгдэл жилээс жилд буурч буй нь сайн хэрэг. Хэрэв бид 2030 он гэхэд урьдчилан сэргийлэх боломжтой нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг арилгаж чадвал 10 сая хүүхдийг нас барахаас сэргийлж чадах юм. Мөн олон улсад ХДХВ-ийн халдвар 2010 онтой харьцуулахад 22 хувиар буурчээ. Гэвч дэлхийн хүн амын тэн хагас нь санхүүгийн асуудлаас шалтгаалан шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг тухайд нь авч чадахгүй хэвээр байна. Мөн сэтгэцийн эрүүл мэнд болон агаар, ус, хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчин, эмгэгүүд сүүлийн жилүүдэд өссөөр буйд анхаарал хандуулах шаардлагатай хэмээн ДЭМБ-аас онцолж байна.

Харин боловсролын хувьд дэлхийн нийт хүүхдийн тал гаруй хувь нь унших болон математикийн энгийн тоо бодох чадваргүй байгаагаас гадна тэдний гуравны нэг нь сургуулиас завсардаад байна. Ялангуяа, Өмнөд Африк болон Зүүн хойд Азийн орнуудын хүүхдүүд боловсрол эзэмших байдал хангалтгүй түвшинд байгаа ажээ. Мөн насанд хүрсэн 750 сая гаруй хүн бичиг үсэг тайлагдаагүй хэвээр байна. Үүний гуравны хоёрыг Ази, Африк тивийн буурай орны эмэгтэйчүүд эзэлдэг.

Тэгвэл жендерийн эрх тэгш байдлыг хангах үзүүлэлтийн хувьд 10 жилийн өмнөхтэй харьцуулахад багагүй сайжирч буйг НҮБ-ын тайланд дурдсан. Гэвч өдгөө 106 орны 15-49 настай эмэгтэйчүүдийн 18 хувь нь бие махбодь болон сэтгэл зүйн дарамт, хүчирхийлэлд байгаа тухай статистик бий. Мөн хөдөлмөрийн зах зээлд дээр эрэгтэйчүүд илүү цалин авах, эмэгтэйчүүд илүү цагаар ажиллах нь түгээмэл хэвээр байна.

2030 ОН ГЭХЭД 700 САЯ ГАРУЙ ХҮН УСНЫ ХОМСДОЛД ОРОХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Өдгөө дэлхий дахинд 9 хүн тутмын 1 нь цэвэр ус хэрэглэж чадахгүй, 2.1 тэрбум хүн баталгаагүй ус хэрэглэж, 90 секунд тутамд нэг хүүхэд устай холбоотой өвчин эмгэгээс болж амиа алдсаар байна. НҮБ-аас мэдээлснээр Ази, Африк тивийн ихэнх гол, мөрнүүд 1990 онтой харьцуулахад хэд дахин бохирдож, ундны усны хэрэгцээ өдөр ирэх бүр багасжээ. Энэ хэвээр байвал 2030 он гэхэд 700 сая гаруй хүн усны хомсдолд орох эрсдэлтэй нөхцөлд буй юм. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрт усыг хэмнэх, дахин ашиглах, нөөцлөх технологийг хөгжүүлэн усны менежмент, засаглалыг бий болгохыг хичээж байна.

Усны хэрэглээ өндөрт тооцогддог, хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг эрчим хүчний салбарын хувьд ч ирэх жилүүдэд илүү эко, ногоон байх шаардлага тулгарсаар буй. Манай гаригийн хүн амын аравны ес нь эрчим хүч, цахилгаан ашиглаж буй боловч түүний цаана гурван тэрбум хүн эрүүл бус, аюултай нөхцөлд хоол, хүнсээ боловсруулж байна.

2030 он гэхэд боломжийн, найдвартай, орчин үеийн эрчим хүчний үйлчилгээгээр хүн бүрийг хангах зорилт бий. Гэвч хүн бүрийг эрчим хүчээр хангахын тулд байгальд ээлтэй эх үүсвэрийг ашиглах нь зүйтэй юм. НҮБ-аас мэдээлснээр эрчим хүчний хэрэглээ энэ хэвээр байвал хүлэмжийн хийн ялгаруулалт 2030 онд 40 хувиар ихсэх магадлалтай. Тиймээс дэлхийн улс орнууд нүүрснээс татгалзах ажил өрнүүлж, эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэлийг дэмжиж байна.

Ийнхүү хүн төрөлхтөн дээрх зорилтуудад хүрэхийн тулд өөрсдийн амьдралын хэв маяг, хэрэглээ, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл зэрэг хийж буй үйлдлийнхээ арга барилыг алхам тутамдаа өөрчлөх нь зүй ёсны хэрэг болжээ. Үүнд бүх нийтийн хичээл зүтгэл шаардлагатай. Наад зах нь хуванцар сав ашиглахгүй байх, дахин боловсруулалтыг дэмжих, дугуй унах, алхахыг илүүд үзэх, органик бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг өдөр тутамдаа өөрийн хувь нэмрээ оруулж болно. Өнөөдөр бидний хийж буй бүх үйлдэл ирээдүй хойч үеийнхэнд өөрчлөлт авчрах боломжтой.

Цахим товхимолд бүртгүүлэх: http://2030.mn/

2030