“Шарк танк” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллан гарааны бизнес эхлүүлж буй хүмүүст хөрөнгө оруулж, хүч нэмсэн, Хас Банкны ерөнхий захирал асан Г.Амартүвшинг бид “Амараа шарк” нэрээр мэддэг болсон. "Шарк Танк" нэвтрүүлэгт оролцсон цагаас нь хойш түүнтэй олон залуучууд холбогдож, гарааны бизнес, карьер төлөвлөлт, мэргэжил сонгол зэрэг сэдвээр зөвлөгөө хүсдэг болжээ. Иймэрхүү уулзалт, урилгыг боломжоороо хүлээн авахыг тэр хичээдэг ч нэг бүрчлэн уулзаад байж чаддаггүй тул ерөөс өөрийн амьдрал, ажил карьерын тухай өгүүлсэн “Эргэлт, сонголт” номоо бичихээр шийдсэн аж. Ингээд тун саяхан хэвлэгдсэн энэ номыг тоймлон хүргэе.

номын тухай

Энэхүү номд зохиогч өнөөдрийн “Амараа шарк”-ийг хэрхэн бий болсон талаар намтар түүхээ хүүрнэжээ. Уншаад үзэхэд өөрт олдсон боломжуудыг шүүрч, зөв газраа зөв цагтаа байна, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэн өнөөгийн бие хүнээ бүтээж дээ гэсэн сэтгэгдэл төрсөн юм.

Тэрээр 90-ээд оны үед гэр бүлтэйгээ Бельги улсыг зорьж, бакалаврт суралцсан нь амьдралынх нь анхны эргэлтийн цэг байв. Мэдээж хориодхон настай залуу гадаадад очиж суурьшихад соёлын зөрүү их байсан нь дамжиггүй. Тэр л үеэс түүний амьдрал адал явдлаар дүүрэн, азтай, адармаатай болж эхэлжээ. Үүний дараа амьдралд нь ямар ямар эргэлтийн цэгүүд тохиосон, гадаадын дотоодын компаниудад ажиллаж байхдаа юу юу сурсан, юу юун дээр алдсан болоод оносноо залуучуудад сургамжтай байдлаар, өөрт болон өрөөлийн жишээгээр баяжуулан өгүүлсэн байна.

Номд түүний 2005 онд Харвардын их сургуулийн элсэлтийн шалгаруулалтад бичиж байсан захидал хүртэл байх аж. Мөн аливааг олон талаас нь харах чадвар, өөрийгөө хөгжүүлэн цаашлаад эх орондоо хувь нэмэр оруулах сэтгэлгээ, амьдралын жинхэнэ аз жаргал чухам юу болох зэрэг сэдвээр өөрийн ертөнцийг уншигчидтай хуваалцжээ.

Зохиогчтой сүүлд уулзахад “Одоогийн залуучууд хэн нэгнээс хүссэн зүйлийнхээ талаар асууж, зөвлөгөө авах боломжтой байдаг нь үнэхээр атаархам. Намайг залуу байхад тийм зүйл байгаагүй” гэж билээ. Энэ номыг уншаад, үнэхээр л өнөөгийн залуучууд бидэнд бүх л боломж нээлттэй байна даа, гагцхүү түүнийг алдалгүй шүүрээд хөдөлмөрлөх л чухал юм гэж бодогдож байв.

номын хэсгээс

- Мөрөөдөл гэдэг хэчнээн нандин, үнэ цэнтэйг би мэднэ. Гэхдээ бодит байдалд буугаагүй мөрөөдөл бол зүгээр л хоосон мөрөөдөл гэдгийг ч бас мэднэ. Ялангуяа чи нэг насаараа ажиллах мэргэжлээ сонгох гэж байгаа бол уу? Чиний мөрөөдөл зүгээр л хөнгөн шохоорхол биш биз? Насаараа ийм ажил хийгээд явбал чи жаргалтай байж чадах уу? Мөрөөдлийн ажлаа хийхэд чинь зах зээл, боломж нь байна уу? Чи хэзээ нэгэн цагт залхахгүй, гуйвшгүй байж чадах уу? Хэрэв чи эдгээр асуултад тийм гэж хариулж чадвал зөв мэргэжлээ сонгожээ гэсэн үг!

- Буй газраа өөрийгөө тунхаглах, “Би ийм хувь хүн шүү” гэдгээ мэдрүүлэх нь олны дунд ажиллах, суралцахын нэг том шалгуур. Хэн ч биш, хамт олондоо үгүйлэгдэх дүр төрхгүй, зүгээр л нэг даруухан монгол залуу байсаар төгсөхийг би үнэхээр хүсээгүй. Ийм бодолд хөтлөгдсөн хүн өөрийн эрхгүй л давуу тал онцлогоо хайгаад эхэлдэг юм билээ.

- Гэхдээ эх орноос илүү үнэ цэнтэй газар үгүй гэдгийг ойлгох хүртлээ залуу хүн тодорхой насанд хүрэх хэрэгтэй болдог юм шиг. Хэчнээн өндөр цалинтай, сайхан ажил хийж байлаа ч тэр бүхэн өөр улс орны төлөө гэж бодохоор аяндаа л дутуу, нэг л харь хөндий санагдаад эхэлдэг. Олон жилийн турш хуримтлуулсан мэдлэг боловсрол минь Монголд ирсэн хойно л жинхэнэ утгаараа үнэ цэнтэй. Англид над шиг замнал, ажлын туршлагатай хүн Монголтой харьцуулахад хэдэн мянгаараа бий. Би ажлаа орхилоо гэхэд дараагийн хүн гараад л ирнэ. Харин тэд Монголыг сонгож ирэхгүй шүү дээ. Тэгэхээр хуримтлуулсан туршлага, сурсан мэдлэгээ аваад эх орондоо ирж ажиллаж байгаа минь аль аль талдаа маш том үнэ цэнтэй, чухал үйлс болж сэтгэлд минь буудаг. Монголчууд бид цөөхүүлээ болохоор тэр байх л даа.

- Ер нь хүн ажлаас гадуур өөрт эрхэм чухаг санагддаг зүйлээ олж, түүндээ шунан дурлаж автана гэдэг стресс, ажлын ачааллаас ангижрах хамгийн сайн аргаас гадна амьдралаас авч болох гайхалтай таашаал шүү дээ. Чухам тэр л мэдрэмж биднийг аз жаргалтай, зорилго тэмүүлэлтэй болгож өгдөг юм шиг. Миний хувьд тэр л таашаал мэдрэмж, хобби минь дугуйн спорт юм.

- Жирийн ажилтан, захирал хоёрын хоорондын мэдээлэл солилцоо хэр ойрхон, хэр хурдан байгаагаас компанийн хөгжлийг харж болохоор. Өнөөдөр ирсэн гомдол гурван өдрийн дараа даргад хүрээд, өнөөх нь ганцаараа шаналж шаналж нэг шийдвэр гаргаад тэр нь хэрэглэгч асуудлаа шийдүүлэх хүртэл ахиж хэдэн өдөр аваад байвал, ийм сунжирсан аргаар одоо үед амжилттай бизнес хийх хэцүү.

- Энэхүү номыг уншихад бүх замнал минь ногоон гэрлээр явчихсан юм шиг сэтгэгдэл танд төрж магадгүй. Үнэн хэрэгтээ хоёр зөв оновчтой шийдвэрийн ард таван буруу сонголт байж, алдсан минь оносноосоо олон шүү.

зарим эшлэл

  • Боломжийг олж хараад зүтгэх зөв чадвараас илүүтэй боломждоо боломж олгох нь чухал.
  • Ганцхан л зүйлд уягдчихаад, аливаа зүйлс олон талтайг олж харахгүй тийн явах зуур ирээдүйд чамд маш том боломж авчрах “эргэлтийн цэг” чинь зөрөөд одчихвол яана?
  • Хэрэв итгэлийг нь даавал компани таны карьерыг дээшлүүлэх болно.
  • Ажил карьертаа амжилт олохын тулд бүх талын мэдлэгтэй байхаас гадна ямар нэгэн зүйл дээр бусдаас илт ялгарах хэрэгтэй.
  • Даруу байж, өөрийнхөө амжилтад үл итгэнэ, үл ойшооно гэдэг сайн хэрэг биш.
  • Ер нь ажил гэдэг алхам тутмын сургамж байдаг.
  • Сайн хүмүүстэй таарч нийлнэ гэдэг зол завшаан.
  • Амжилт гэдэг бол хувь хүний хэмжээгээр хязгаарлагддаггүй, харин бусадтай хуваалцаж байх ёстой зүйл гэж би ойлгодог.
  • Мэргэжил гэдэг бол тухайн салбартаа эрүүл саруул хандах хандлага.
  • Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг бол залуу хүний хувьд жинхэнэ эх оронч үзэл, жинхэнэ эх оронч үйл хэрэг.
  • Давуу тал нэгэнт чамд суусан бол цааш тэтгээд, түүнийгээ луужин болгоод явахад алзахгүй. Харин сул тал л чиний жинхэнэ ажиллах, засаж залах ёстой зүйл.
  • Залуудаа хохирол багатай алдаж үзэх, түүнээсээ сургамж авах, алдаанаасаа өөрөө эргэн суралцах нь хамгийн чухал.