"Номтой яриа" булангийн энэ удаагийн зочноор "Тагтаа Паблишинг"-ийн орчуулагч М.Батбаярыг урилаа. МУИС-ийн Хэл, уран зохиолын багшийн ангийг төгсөж, ӨМӨЗО-ны их сургуульд Хятадын орчин үеийн уран зохиолын чиглэлээр суралцаж буй тэрээр Хятадын өнөө цагийн нэрт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй", "Цусаа худалдсан тэмдэглэл" роман, зохиолч Чи Зи Жианы "Цасан хөшиг" өгүүллийн түүврийг монгол хэлнээ яруу сайхан хөрвүүлсэн билээ. Хятадын орчин үеийн уран зохиолын судлахын зэрэгцээ өөрийн яруу найргийн түүвэр болох "Намрын тэмдэгтүүд", "Бүгд өөрийн гунигтай", "Өртөөн дээр хэлэгддэг үгс" номуудыг олны хүртээл болгоод буй Мө.Батбаяртай номын ертөнцийн тухай ярилцсанаа хүргэж байна.  

1. ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Ажил, мэргэжлийн шаардлагаар ч гэх үү уран зохиолын ном түлхүү уншдаг. Анх номд шимтэж эхэлсэн үе маань манай сумын төв номын сантай болсон үетэй давхацдаг юм. Сумын соёлын төвийн үүдэн умгар өрөөнд байрлах номын санд анх ороход надад маш хачирхалтай мэдрэмж төрсөн. Хүнгүй эль хуль атлаа эзэн нь гараад удаагүй байгаа айл шиг бүлээн оргисон тэгсэн мөртлөө нэг их дүнсгэр, нэг тийм хуучны үнэр гээд л. Хэн ч байхгүй газар тийм зугаатай, сонирхолтой байж болдог юм гэж би төсөөлөөгүй. Хэн ч мэддэггүй эрдэнэсийн санг ганцаараа олоод нээчихсэн юм шиг л.

Гэхдээ тухайн үед ном болгоныг сайхан гэж бодсоных уу, ногооны талбай руу орсон үхэр шиг ёстой таарсан болгоноо татаж уншдаг байсан юм шиг санагддаг. Маш их цагийг олон хэрэггүй номд зарцуулсан юм шиг байгаа юм. Тэгж яваад аажим аажмаар нэг л мэдэхэд уран зохиолын номууд уншдаг болчихсон байж билээ. Тиймээс ажил, мэргэжлийн шалтгаанаар уран зохиолын ном уншдаг гэсэн эхний хариултаасаа энд ирээд няцаж байна. Ажил, мэргэжилтэй огт холбоогүйгээр хүсэл сонирхлынхоо дагуу уран зохиолын ном түлхүү уншдаг болсон гэсэн үг юм уу даа.

Одоогоор олон ном зэрэг уншдаг дадалтай болоод байна. Тухайлбал, зав чөлөөтэй үедээ Нобелийн шагналт зохиолч Оэ Кензабүрогийн “Хувийн асуудал” номыг, унтлагын өрөөний цонхон дээр яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаагийн "Зөвхөн ХАЙР" хайрын шүлгийн түүвэр, "Дэлхийн сонгомол өгүүллэгүүд" номтой хамт байх жишээтэй. Харин бичгийн ширээн дээр Чин гүрний үеийн найман хошууны монгол зохиолчдын намтар судлалын (清代的八旗蒙古文人研究) ном бий. Чин улсын үеийн монгол найман хошуунд хятад, манж, монгол гурван хэлний орчуулагч, бичээч олон байсан юм билээ. Тэдгээр хүмүүсийн намтар, уран бүтээлийн тухай ном юм. Миний судалгаатай холбоотой учраас сонирхон уншиж байгаа.

2. ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ ГЭВЭЛ?

Дагестаны ардын яруу найрагч Расул Гамзатовын “Миний Дагестан” хэмээх алдартай бүтээлийг анх 10 гаруй жилийн өмнө уншиж байсан юм. Уулын бяцхан ард түмнийхээ ахуй соёл, зан дадхал, түүх, үзэл санааг ертөнцийн олон уншигчдад таниулсан бүтээл.

Уг бүтээлийг нэрт соён гэгээрүүлэгч, орчуулагч, зохиолч, яруу найрагч М.Цэдэндорж гүүшийн монгол хэлнээ яруу тансаг хөрвүүлсэн билээ. Хүлэг болгон жороогүй гэдэг шиг бийр, цаас нийлүүлсэн бүхэн нь М. Цэдэндорж биш нь харамсалтай юм даа.

АНУ, Хятад зэрэг том гүрний зохиолчдын хувьд тухайн орны соёл, уламжлал, эдийн засгийн нөлөө дэлхий даяар маш өргөн тул юу ч бичсэн өөрийн соёлыг бусдад түгээж, бид тэднээс суралцаж байна. Харин Монгол гэдэг буйдхан орны зохиолч байх тэднээс арай өөр хэрэг билээ. Хөнгөн зугаа гаргах зүйлс бичээд явж болохгүй болов уу гэж санагддаг. "Миний Дагестан" ном надад эх орон, зон олныхоо сайн сайхан, гэрэл гэгээг бусдад түгээж, таниулах юм сан гэх эрмэлзлийг төрүүлсэн учраас их нөлөөлсөн. Нүүдлийн соёл иргэншил удахгүй дуусах, төгсөх тухай бичсэн янз бүрийн судалгааг мэр сэр харж байсан. Үнэн ч бай, худал ч бай энэ соёлын галыг манаж буй хүмүүс бид болохоор бид л бичих ёстой гэж боддог.

3. НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?

Ихэвчлэн өөрийн сонголтод найддаг. Мөн хэн, ямар ном санал болгож буй нь чухал. Ажил мэргэжилтэй холбоотойгоор аливаа уран бүтээлийг хойшлуулахгүйгээр унших шаардлага гарах нь бий.

4. НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ?

Би өмнө нь номыг огт уншаагүй мэт цэвэрхэн эдэлж уншдаг байсан юм. Номын орчуулга хийж, нэлээн зууралддаг болсноос хойш заавал үзэг барьж, дээр нь цоохорлож уншдаг дадалтай болжээ.

5. НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?

Монголд дэлхийн стандартад нийцсэн номын дэлгүүр нээгдээсэй гэж хүсдэг. Манайд тэргэнцэртэй иргэн хүссэн үедээ өөрөө номын дэлгүүр орох боломж хомс. Гаднын ганц, хоёр номын дэлгүүрийг сонирхож үзэхэд номын тавиур нь л уншигчдад анхан шатны шүүлт, сонголтыг хийгээд өгчихсөн байдаг. Харин манайд Билгүүн номч Б.Ринчен гуайн бүтээлийн чуулган 16 настай хүүхдийн анхны шүлгийн номтой нэг тавиур дээр хамт байх жишээтэй. Гэхдээ номын соёл, хэрэглээ өмнөхөө бодвол аажим аажмаар сайжирсаар байгааг онцлох нь зүйтэй.

6. БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ (АВТОР)?

Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С. Дулам багшийн “Монгол бэлгэдэл зүй”, “Монгол домог зүйн дүр” хэмээх ботиудыг уншаасай гэж хүсэж байна. Бидний үндэсний өвөр төрх (national identity) гэж юу болох, юуг бэлгэдэж, цээрлэж, шүтэж, эс шүтэж, ямар тоо, дүрс, өнгө, зүг чигийг сайшааж, хүндэлдэг тухай үндсэн ойлголтыг өгнө. Даяарших уу, дангаарших уу гэх зааг дунд байгаа энэ цаг үед монголын ирээдүйг бүтээх залуус заавал уншиж судлаарай.

7. ДАРААГИЙН БИЧИХ НОМ ТАНЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАРХУУ НОМ БАЙХ БОЛ?

Би “Өртөөн дээр хэлэгддэг үгс” яруу найргийн номоо өнгөрсөн онд гаргасан. Цаашид хүүрнэл зохиол бичих хүсэлтэй байгаа. Орчин үеийг зохиолчид уран бүтээл чөлөөтэй туурвихад маш тохиромжтой цаг гэж харж байгаа. Учир нь, 1990 он гарснаар зохиолч, яруу найрагчид "хаягдаж", хэн ч тэдэнд мөр тоолж, мөнгө бодож өгөхгүй болсон. Хэн ч тэднийг Чингис хааны тухай бичлээ гэж шоронд хийхгүй, агуу удирдагчаа магтсаны төлөө одон зүүж өгөх нь ховор болсон. Зохиолчдын сууж байсан суудлыг одоо сэтгүүлчид залган сууж байна. Тэгэхээр хэн ч бичих үгийг тань хажуунаас шивнэхгүй маш таатай цаг үе гэж ойлгож байгаа. Буруу ч байж мэднэ.

8. ОЛДОХГҮЙ БАЙГАА БУЮУ УНШМААР БАЙГАА НОМ?

Одоогоор тийм ном байхгүй.

9. ЭДГЭЭР АСУУЛТАД ХЭНИЙГ ХАРИУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор, яруу найрагч Д. Нямдоржийг санал болгоё. Мөн Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал гуайг дээрх асуултад хариулаасай гэж хүсэж байна.


Өмнөх дугааруудыг унших


Номтой яриа #3: Сэтгүүлч, зохиолч, судлаач Г.Бадамсамбуу

Номтой яриа #2: Олон улсын мэргэшсэн карьер коуч Ж.Номин

Номтой яриа #1: Unread Media-ийн хамтран байгуулагч Д.Ганзориг