“Нөхөрлөл дээр суурилсан бизнесээс бизнес дээр суурилсан нөхөрлөл илүү.”

Жон Д.Рокфеллер

Амжилтад хүрснээ, хийсэн бүтээснээ ярих дуртай эрин үед бид амьдарч байна. Үздэг, сонсдог, уншдаг мэдээллүүд маань ч ийм л агуулгатай байдаг болохоор бид өөрийн эрхгүй түүнийг дагадаг биз. Харамсалтай нь энэ чиг хандлага аливаад амжилт олох, ажил бизнестээ гайхам ахиц гаргах нь амархан юм шиг сэтгэгдлийг төрүүлж байдаг. Үнэндээ амжилт гэдэг олон олон амжилтгүй оролдлого, бүтэлгүйтлийн нийлбэр байдаг шүү дээ. Амжилтын түүхийг хүүрнэх нь зөв ч алдаа дутагдал, бүтэлгүйтлийн түүхийг бас өгүүлж байх учиртай. Ийм учраас, бүтэлгүйтлийн түүхийг бид дэндүү бага сонсдог болохоор ФаакАп буюу "Бүтэлгүйтлийн түүх" хэмээн нэрлэж болох булангаа өнөөдрөөс эхлүүлж байгаа юм. Зочдынхоо өгүүлсэн түүхээс бид анхны санаа зорилго нь юу байсан, юу болж өнгөрсөн, түүнээс юу сурсан талаар та бүхэнтэй хуваалцах болно.

ФаакАп түүхээ өгүүлэх манай эхний зочин бол та бидний сайн мэдэх комедиан Батаа. Тэр юун дээр алдав? Тэгээд юу сурав?

ТА ХЭН БЭ?

Би маркетинг, бизнесийн удирдлагын мэргэжлээр сурсан ч төгсөөд телевизэд туслах найруулагчаар ажлын гараагаа эхэлж байлаа. Багаасаа бүжиг, амьд хөгжим, комеди, хошин урлагт сонирхолтой, соёл урлагийн хүн болно л гэж боддог байв. Нэг хэсэг хамтлаг байгуулна гээд гитарчин явсан үе бий. Зөөгч, бармен, джей гээд янз бүрийн л ажил хийж үзсэн. Ажлаасаа гараад комеди хийнэ гэсэн санаагаа хэрэгжүүлэхээр шулуудаж, анхны “Open mic болно" гэсэн зарлалаа шонгийн модон дээр наагаад явж байсан үе бол зургаан жилийн өмнө. Ямар ч байсан тэгээд ганцаараа эхэлсэн байдаг юм. Анхны тоглолтоо хийхэд сандарсандаа чичрээд л. Одоо “UB Comedy” клубийн үүсгэн байгуулагч, комедиан.

БИЗНЕС/ТӨСЛИЙН САНАА ЮУ БАЙСАН БЭ?

Эхний үед комеди хийх хүсэлтэй бидний залуучууд нэгдэн бэлэн байгаа баар, ресторан, клуб дээр очиж эвент хийгээд, тухайн өдрийн такснаас орсон орлогоо хувааж авдаг зохион байгуулалттай байсан. Мөрөөдөл бол өөрсдийн гэсэн клубтэй болж тогтмол тоглолт хийх байлаа. Ээж бол бүх юмыг дэмждэг хүн. Аав намайг ажилгүй, орлогогүй, юу хийгээд байгаа юм, хобби юм уу гэж загнаад л. Бас найз охин жирэмсэн болчихсон, шинээр юм эхлүүлчихсэн байдаг. Тэр үед зөрүүдлээд болгоно доо гэсэн хор шар хөдөлж аавдаа харуулна даа гэж бодсон. Нухацтай, жинтэй, тууштай хандаж эхэлсэн. Нөхцөл байдлыг шалтаг болгоод няцаж болохгүй, тэгвэл хожим харамсана, чадахгүй бол ядаж тэрийгээ мэдэж авъя гэж бодсон. Хэрвээ буугаад өгсөн бол аавын нэг танилын ажилд л орох байсан байх.

Нэгмөсөн ус рүү хоёр хөлөөрөө үсэрч оръё гэж бодоод 100 хувь өөрийгөө дайчилж бүх анхаарал, хүч хөдөлмөр, авьяасаа зориулсан. Удаан оршин тогтнохын тулд компани болгож бизнес болгохоор шийдсэн. Улмаар өөрсдийн гэсэн тайзтай болж, тогтмол тоглодог комеди клубтэй болсон. Бичлэгүүд цацаж эхэлснээр 2017 оны зунаас клуб пиг дүүрэн хүнтэй болж бизнес тун амжилттай сайхан явж байлаа.

Санал болгох:
Би хэрхэн ажилладаг вэ? - UB Comedy клубийн үүсгэн байгуулагч, комедиан Б.Батбилэг

Unread Media

ЮУ ТОХИОЛДСОН БЭ?

Баг дунд үл ойлголцол гарч ирсэн. Анхнаасаа сайн ярьж тохиролцоогүйгээс болоод мөнгө төгрөгөө хуваах, өөрсдийн клубтэй болох, тэрэндээ хөрөнгө оруулалт хийх, татвар гэх мэтээс болоод бөөн асуудлууд. Хамтдаа явж байгаад бид нарын дээр гарлаа, бид ашиглуулаад байна гэх гомдлууд зарим гишүүдээс гаргаж эхэлсэн. Бид олон ч удаа хоорондоо ярьж хэлэлцэн тухайн үедээ асуудлуудаа шийдээд явж байсан боловч эцсийн зөвшилцөлд ерөөсөө хүрч чадахгүй л яваад байсан юм билээ. Татвар төлөгч болсноор хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй санхүүгийн хувьд эрүүл бус тогтолцоотой ашиггүй, татварын эрсдэлд ч орж явсан удаа бий.

Энэ үед дотроо хагарал үүсэж энд тэнд хөөгдөөд явдаг байсан бидний хэдэн нөхөд мөнгө төгрөгний хэрүүлтэй, хоорондоо үл ойлголцолтой, баг болж хамтран ажиллаж чадахгүй байдалд хүрсэн. Би захирал байж менежмент хийх хэрэгтэй, бас уран бүтээлээ сайжруулах хэрэгтэй гээд их ачаалалтай ажиллаж стресст орсон. Нэг мэдсэн баг дотроо эв түнжингүй, хүмүүсийн харилцаа дарамттай, хүн болгоны түлхүүрийг тааруулах гэж явдаг нэгэн болсон байв. Багийн зарим гишүүдийн уур бухимдал цухалзаж явсаар ямар нэг толгойгүй, бие биедээ хүндлэлгүй эрүүл бус орчин нөхцөл үүссэн. Хэсэг нөхөд тусдаа клуб байгуулахаар болсноо хэлж цаашдаа хамт явах боломжгүй болсон. Тухайн үед энэ бүх хагарал, үл ойлголцол хүнд тусаж байсан боловч одоо бодоход болох ёстой юм болдгоороо л болжээ.

ЯМАР СУРГАМЖ АВСАН БЭ?

Энэ удаан хугацааны үл ойлголцол, гомдол бухимдал, тодорхойгүй байдал ямар ч байсан шийдэгдсэн учраас миний дотор “шилжилт” хийгдэх шиг болсон. Эр хүн шиг байя гэж бодогдсон. Нуугаад л байвал шаналаад л байна. Нэгэнт болохгүй, хамтарч чадахгүй, санаа нийлэхгүй бол мөр мөрөө хөөгөөд явсан дээр юм байна гэдгийг ойлгосон. Шаналж суугаад яахав гээд дотогшоо төвлөрөн бясалгал, дасгал хийж, урдах ажлаа л сайн хийе гэж шийдсэн. Гэнэт энэрэнгүй нэгэн болж бүх хүмүүст сайн сайхныг хүссэн дээ. Бүтээлч байдалдаа илүү төвлөрч, дотоод хүчээ мэдэрч, хүнийхээ хувьд улам чангарах мэт болсон.

Магадгүй хүн уналтанд орж байж шинэ түвшинд гардаг байх. Практик сургамж гэвэл санхүүгийн зөвлөх, хуулийн зөвлөх, байгууллагын тогтолцоо! Эцсийн эцэст хүн өөрийн биеэр туулахаас нааш яг бүрэн дүүрэн ойлгодоггүй байх гэж бодож байна. Энэ хагарлын үйл явцад санаа нийлэх хүмүүстэйгээ үлдсэн. Бас өөр санаа нийлсэн хүмүүс хоорондоо баг болоод тусдаа гарсан гэж бодож байна. Өрсөлдөөн бий болж байгаа нь харин ч сайн хэрэг. Миний хувьд амьдралд юу чухал вэ гэдгийг өвдөөд хэвтэж байхдаа нэг сайн ойлгосон учраас комеди бол зүгээр л “тоглоом”.

Ярилцсан: Ж.Мандхай
Зочлох: Fuckup Nights Ulaanbaatar


Та бүхэн бидэнтэй үнэтэй сургамж авсан түүхээ хуваалцахын зэрэгцээ онц содон түүхийг хүүрнэх сонирхолтой зочдыг санал болгоорой.

#sharethefailure #fuckupnights #fuckupnightsulaanbaatar