"Ялсан ч бай, ялагдсан ч бай, шударга л бай."

Нют Рокни

Бүтэлгүйтлийн түүх, түүнээс олж авсан сургамжаа хуваалцдаг "ФаакАп" булангийн энэ удаагийн зочин бол Монгол ТВ-ийн "Өглөө" хөтөлбөр, "Авьяаслаг монголчууд" шоугаар үзэгчдэд танигдсан хөтлөгч Б.Мандуул. Харин түүнийг сагсан бөмбөгийн дасгалжуулагч мэргэжлээр их сургууль төгссөн, Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч байсныг та мэдэх үү?

Тэр чухам юун дээр алдсан юм бол? Тэгээд юу сураа бол?

ТА ХЭН БЭ?

Би сагсан бөмбөгийн дасгалжуулагч, хөтлөгч, гарааны бизнес эрхлэгч. Кубын үндэсний институтын биеийн тамир спортын сургуулийг сагсан бөмбөгийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Бага байхдаа зав л гарвал сагс тоглох дуртай хүүхэд байлаа. Намайг төгсөх үед сурлага болон спортоороо амжилт гаргасан хүүхдийг тэтгэлэгтэй суралцуулах шалгаруулалт явагдаж, би тэнцсэн юм. Тэр үед би өөрийгөө спортоор явна гэж боддоггүй, хуулийн сургуульд сурч өмгөөлөгч болох сонирхолтой байсан тул юу ч гэсэн яваад эхний хоёр жил нь испани, англи хэл сураад ирье гэсэн бодолтой Кубыг зорьсон. Тэгтэл очсон сургуульдаа дурлаад, нийт зургаан жил сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар суралцаад Монголдоо ирсэн дээ.

БИЗНЕС/ТӨСЛИЙН САНАА ЮУ БАЙСАН БЭ?

Би Монголдоо ирээд сагсны баг бүрдүүлэн өөрөө дасгалжуулагчаар нь ажиллаж байв. Гудамж, заалны тэмцээнүүдээр явж тоглогчид хайж олоод мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн нь тэр. Хамгийн доод талын лиг болох хөгжлийн лигээс гараагаа эхэлсэн. Анхандаа бол надаас зөвхөн зарлага л гарч байв. Бэлтгэл хийх заалны төлбөр, өмсгөлийн зардал гэх мэт. Хэрвээ баг амжилттай байвал спонсор байгууллагатай хамтран ажилладаг зарчимтай. Ирээдүйд спортын академитай болж шат шатанд нь сагсан бөмбөгийг системтэй зааж, хүүхдүүдийг дасгалжуулна гэж бодож байв. Мэдээж тэмцээнд дасгалжуулж байгаа багаа амжилтад хүргэхийг хүснэ. Сурсан мэргэжлээрээ мэргэшсэн эсэхээ бодит амьдрал дээр шалгах нь чухал байсан. Багаа дасгалжуулж яваад дээд лигт дасгалжуулагч хийх эрх авсан. Сагсан бөмбөгийн үндэсний эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч болоод их л додигор байлаа.

ЮУ ТОХИОЛДСОН БЭ?

Хоёр хүний хоорондын асуудлаас болж маргаан үүсээд Монголын сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдсан. Энэ хуваагдлаас болж Олон улсын сагсан бөмбөгийн холбоо манай улсын шигшээ багийг олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхийг 2014 оноос хойш хязгаарлах болсон юм. Дотооддоо тэмцээн уралдаан хийхгүй, асуудалтай байгаа учраас үүнийгээ эхлээд шийд гэсэн хэрэг л дээ. Энэ бол асар их хор хохирол учруулж, олон шатны шүүх хурал, олон уршгийг дагуулсан шударга бус үйл явдал байлаа. Эхлээд энэ бүх асуудалд идэвхтэй орооцолдож яваад, сүүлдээ бүр залхан холбооноос гарч, сагсан бөмбөгийн карьераа хаясан.

Ойр дотно хүмүүс маань ч одоо боль гэж хэлж байв. Тухайн үед асар их бухимдалтай нүүр тулж, бүтээлч ажил миний гараас гарахаа больсон. Шүүх хуралдаанд оролцох гэх мэт асуудлаас өөр хийх зүйлгүй болсон байв. Дөнгөж хүүхэдтэй болчихсон, мөнгө санхүүгийн хувьд хэцүү байдалд орсон. Цалингүй зургаан сар ажиллаж, холбоо надад цалингийн өртэй үлдсэн. Ямар нэг гаргалгаа байхгүй мухардалд анх удаа л орж үзсэн гэх үү дээ. Буруу тогтолцоо, системийн дунд ялалт байгуулахгүй нь ойлгомжтой болсон. Улс төр хутгалдсан, эрх мэдэлтэй хүмүүсийн тоглоом дунд олон хүний карьер хохирч үлдсэн юм. Шударга бус явдалтай нүүр тулж, стресст орж, үс хүртэл халцарч байлаа. Энгийнээр шийдэж болох зүйл дээр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хүссэнээ хийж байгааг хараад дийлэхгүйгээ мэдээд залхсан, хаясан. Өөрийн мөрөөдлийг биелүүлэхийн төлөө санаа, зарчим нийлэхгүй хүмүүстэй хамтрах, эсвэл энэ тоглоомоос гарах гэдэг хоёр сонголтын өмнө ирсэн. Спортын холбоо болгоны цаана хэн нэг эрх мэдэлтэй хүн байдаг. Тухайн холбоог удирдах хүн нь ямар ч нөхцөлд бүх талын эрх ашгуудыг хангаж хууль эрх зүй, эдийн засгийн шийдлийг олдог хүн байдаг болохоос биш улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг, хүмүүсийг хохироодог хүн байх ёсгүй гэж боддог.

ЯМАР СУРГАМЖ АВСАН БЭ?

Монголд байгаа тогтолцоог маш сайн ойлгосон. Авлига, хээл хахуультай төрийн тогтолцоо бүх шатанд л буруу нөлөө үзүүлдэг юм билээ. Энэ асуудал одоо хүртэл шийдлээ олоогүй л байгаа. Хамгийн харамссан зүйл нь мэргэжлийн тамирчдын ид амжилт гаргадаг үеийн хугацаа богинохон байдаг. Сор болсон тамирчдын олон улсад амжилт гаргах боломж хаагдсан. Түүнийг дагаад тэдний дасгалжуулагч, гэр бүлийнхэн ч хөрөнгө мөнгөөр хэмжиж болохгүй үнэ цэнийг алдсан нь харамсалтай. Тогтворгүй улс төрийн нөхцөлтэй улс оронд ямарваа нэгэн ажил, төсөл хөтөлбөр дээр ажиллахдаа улс төрийн нөлөөлөл хэр байгааг анхаарах шаардлагатайг ойлгосон.

Одоо харахад болзошгүй бүх эрсдэлийг тооцож үзээд яахаа бодсон байх ёстой байж. Гомдсон, хорсолдоо автсан хүмүүс асуудлаа хэлэлцэж ярилцаж ухаалгаар шийдвэрлэхгүй бол олон хүнийг хохироосон урт удаан хугацааны асуудал болдог юм байна гэдгийг ухаарсан. Хийж байгаа ямарваа зүйл цагаан дээр хараар бичигдсэн гэрээ хэлэлцээрээр баталгаажсан байх ёстой юм билээ. Дандаа хэт өөдрөгөөр хараад, бараан талыг нь харахыг хүсэхгүй өнгөрөөж болохгүйг ойлгосон. Болсон хойно нь яана аа гээд гүйх биш, чадах хэмжээндээ урьдчилан харж бэлтгэлтэй байх хэрэгтэйг мэдэж авсан даа.

ФаакАп #1: UB Comedy клубийн үүсгэн байгуулагч, комедиан Б.Батбилэг

Unread Media

Зочлох: Fuckup Nights Ulaanbaatar

Та бүхэн бидэнтэй үнэтэй сургамж авсан түүхээ хуваалцахын зэрэгцээ онц содон түүхийг хүүрнэх сонирхолтой зочдыг санал болгоорой.

#sharethefailure #fuckupnights #fuckupnightsulaanbaatar