Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан бид нэгэн эмэгтэй манлайлагчийг ярилцлагадаа урьсан юм. Тэр бол бүх хүмүүс эрх тэгш, бие биедээ хайр хүндэтгэлийг адилхан өгдөг, нэгэндээ тусалдаг нийгмийг цогцлоохын төлөө "Үндэсний өгөх өдөр" зэрэг олон төсөл хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн Б.Баярсайхан юм. Төрийн болон төрийн бус, бизнесийн, олон улсын байгууллагуудад ажиллаж, олон нийттэй харилцах чиглэлд арвин туршлага хуримтлуулсан тэрээр 2016-2019 онд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан билээ. Ингээд багш, эрх зүйч, сэтгүүлч мэргэжилтэй түүний ажлын арга барилтай танилцъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Монгол Улсын Ерөнхий сайдын хүүхэд залуучуудын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, "Өгөх өдөр хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone XS Max
Хэрэглэдэг компьютер: iPad
Сошиал хуудас: Bayara Baljinnyam, Балжиннямын Баярсайхан (Facebook), bbsaikhan (Instagram)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Эрхэлж байсан ихэнх ажил маань анхны гэх тодотголоороо адилхан юм. Хэвлэл мэдээллийн салбарт МҮОНТ-ээс ажлын гараагаа эхэлж, “Өглөө” хөтөлбөрийн анхны хөтлөгчөөр ажиллаж байв. Мөн “Ийгл” телевизийн анхны монгол гүйцэтгэх захирлаар ажиллаж, тус телевизийг долоон жил удирдаж байлаа.

Манайд олон нийттэй харилцах буюу Public Relations гэх ойлголт танил болоогүй байхад MCS группийн анхны PR менежерээр ажиллаж байсан.

Түүнээс гадна Монголын үндэсний пресс клубийг байгуулан, 100 гаруй жилийн түүхтэй Олон улсын пресс клубүүд (International Association of Press Clubs)-ийн холбоог удирдсан туршлагаа онцлох нь зүйтэй болов уу. Дэлхийн 50 гаруй орны пресс клубүүдийг нэгтгэсэн тус холбооны анхны монгол ерөнхийлөгчөөр ажиллах завшаан тохиосон.

Залуу хүмүүс заримдаа хийж буй ажлаа хараад зөв мэргэжил эзэмшсэн эсэхдээ эргэлзэж, хүсэл мөрөөдлөөсөө өөр зүгт яваад байгаа мэт бодогдох үе бий. Өөрийн туршлага дээр үндэслэн хэлэхэд, ямар ч ажил хүнд туршлага өгч, ирээдүйд хүрэх зорилгынх нь суурь болдог юм билээ.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би сүүлийн жилүүдэд спортод их дурлаж, өглөө бүр зургаан цагт босож бэлтгэлийн заал руу явдаг дадалтай болсон. Бодибилдингийн спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг багшийн удирдлага дор фитнесээр хичээллэж байгаа. Дасгал хийсэн өдөр эрч хүчээр дүүрэн байж, тухайн өдөр өндөр бүтээмжтэй болдог.

Дасгалын дараа тухтайхан сайхан кофе ууж аваад ажлаа эхлүүлдэг дээ. Өдөрт олон уулзалт хийдэг. Ямар ч ажилтай байсан, өдөр бүр дор хаяж 4 хуудас ном уншиж дадсан.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Би маш хурдтай ажилладаг. Аливаа төлөвлөлт, шийдвэрийг шуурхай гаргаж, үр дүнг нь аль болох хурдан үзэхийг яардаг. Надтай хамтарч ажиллаж байсан хүмүүс мэднэ дээ, би хамгийн түрүүнд тухайн ажлаас ямар үр дүн гарах талаар боддог. Юу ч хийсэн гэсэн, зорьсон ажлын үр дүн хүрэх ёстой хүмүүстээ хүрч байна уу гэдэг хамгийн чухал. Бодлого боловсруулна гэдэг цаас үйлдвэрлэхийн нэр биш. Бодлого шийдвэрийн үр шимийг хүмүүс хүртэж байх нь гол шүү дээ.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Сүүлийн үед Click Meeting апп-ийг түгээмэл ашигладаг. Олуулаа заавал нэг газар цуглаж уулзах биш байгаа байгаа газраасаа холбогдох боломжтой. Мөн M Plus апп-ийг унших дуртай. Хэвлэмэл сэтгүүл унших нь багассан энэ үед M Plus-аас сэтгүүл гэлтгүй ном, дуу, подкаст зэрэг олон төрлийн контентийг үзэх боломжтой болсон.

Сошиал медиагийн хувьд Үндэсний өгөх өдрийг санаачилсан цагаасаа хойш Фэйсбүүкийг идэвхтэй ашиглаж ирсэн. Инстаграм хуудастай. Харин сүүлийн үед өөрийн гэсэн Youtube суваг нээгээд Vlog хөтлөх төлөвлөгөөтэй байгаа.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг барих, сайн төлөвлөх, ажил бүрээ төлөвлөсөн хугацаанд нь дуусгах.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ажлаа сайн төлөвлөж, тэмдэглэх. Би гар утасныхаа Notes апп дээр маргаашийн ажлаа жагсаагаад, бүтээсэн ажлаа дараад явдаг.

Харин тэмдэглэлийн дэвтрийг уулзалт хийхдээ, мөн орой тэмдэглэл бичихдээ ашигладаг. Найзынхаа зөвлөснөөр орой бүр тухайн өдрийн талархууштай зүйлсийг товч бичихийг боддог. Мөн "онцгой санаа" гэсэн нэрээр тухайн өдөр санаанд орсон, бодогдсон, сургамж авсан зүйлээ бичиж үлдээдэг. Ингэснээр өөрт төрсөн санааг мартахгүй байх, хэрэгтэй үед нь ашиглах боломж бүрддэг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Манайх олон хүүхэдтэй учраас гэрээрээ цугларч, цагийг хамт өнгөрөөх нь надад маш сайхан амралт болдог. Охидтойгоо хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн сэдэвтэй кино үзэнгээ ярилцах дуртай. Нөхөртэйгөө болзох дуртай. Үнэнч дотно найзуудтайгаа чин сэтгэлээсээ инээх дуртай.

Мөн түрүүнд дурдсанчлан миний нэг эрч хүч авдаг гол зүйл бол фитнес. Олон жилийн өмнөөс фитнест тогтмол явахыг хичээж ирсэн ч дунд нь шантарч, нэг цэгт очоод больчихдог байв. Харин Г.Угалзцэцэг багштай хичээллэж эхэлснээс хойш энэ спортод дурласан.

Бас хөдөөгүүр аялах дуртай. Үргэлжийн мөнх ногооноороо байдаг улс орнуудын өвснөөс Монголын маань талын сайхан үнэр яагаад үнэртдэггүй юм бол гэж гайхдаг. Өвөл нь хагдарсан ч хөдөө талын маань өвсний үнэр нь онцгой сайхан.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Би багаасаа л хүнд туслах дуртай, сайн дурын, хүмүүнлэгийн ажил бариад авчихдаг хүүхэд байсан. "Үндэсний өгөх өдөр"-ийг санаачлахаасаа бүр өмнө телевизэд байхдаа сайн санааны ажлуудад мөнгө босгохоор янз бүрийн санаа, нэвтрүүлэг сэдэж хэрэгжүүлдэг байлаа. Зав гарвал охид эмэгтэйчүүдтэй уулзаж, чин сэтгэлийн яриа өрнүүлж, зөвлөгөө өгдөг.

Одонтой ээжийн хувьд бусад ээжүүдтэйгээ хамтраад "Монголын сайхан эмэгтэй" тэмцээн зохион байгуулсан. Залуу бүсгүйчүүд олон хүүхэд гаргавал биеийн галбир өөрчлөгдөнө гэж их санаа зовдог. Тийм биш шүү, өөрөө биеэ сайхан авч явбал галбиртаа санаа зовох шаардлагагүй гэдгийг харуулж, Монголын үрсийг маш олон болгох төрийн бодлогыг дэмжиж “Зөв хүүхэд, зөв гэр бүл, зөв нийгэм” уриатайгаар зохион байгуулсан нь хүмүүсийн талархлыг хүлээсэн.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Зөв хүнд эрх мэдэл очвол сайн түүхийг бүтээдэг гэдэгт итгэдэг. Ямар ч ажлыг хийхэд чин сэтгэл, зөв хандлага заавал хамт байх ёстой. Харамсалтай нь сайн зүйлийн төлөө өөрчлөлт шинэчлэлт хийхэд олон саад бэрхшээл тулгардаг. Тэгэхээр тэвчээртэй, шантрахгүй байж, тууштай явж, зорьсондоо хүрэх нь л чухал юм даа.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 15-ны өдрийг Монгол Улсын Шадар сайд, БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар “Хүүхэд-эрхэм хэрэглэгч” үндэсний өдөр болгосонтой холбоотойгоор энэ өдөрт зориулсан арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

Ойрын ирээдүйд Монгол улс хүний хөгжлийн нэгдсэн чиг бодлоготой, түүнийг хэрэгжүүлэх тодорхой чиг үүргийн чадамжтай институцтэй болоход хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Б.Хүрэлсүхийн “Бид эдийн засгийн хямралд биш ёс суртахууны доройтолд ороод байна” гэж хэлсэн нь дээрх сэдэвтэй салшгүй холбоотой. Иргэдээ ёс суртахуунтай байлгахын тулд сайн зан чанарыг төлөвшүүлэх зайлшгүй шаардлагатай. Хөгжингүй орнуудын “Character first” буюу зан чанарын төлөвшлийг тэргүүн эгнээнд тавьж, хүүхдийг төрсөн цагаас нь сайн зан чанартай хүн болгоход анхааран бэлдэж байгаа туршлагыг, улс орныхоо түүх, өвөг дээдсийнхээ нүүдэлчин ахуй зан чанартай холбон судалж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Би хүмүүстэй ярилцаж, сонсох дуртай. Миний мэддэг зүйлийг ярьж байсан ч би сонсдог. Ингэснээр асуудлыг өөр өнцгөөс харах, бусдаас суралцах боломжтой байдаг. Хурдтай хөгжиж байгаа технологийн дэвшил биднийг өдөр тутам шинэ зүйлд сургаж байна. Шинэ харилцаа, шинэ туршлагаас, бусдын сайн тал, сайн чанараас, найз нөхдийнхөө аливаа зүйлд хандаж байгаа зөв хандлагаас ч өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэх боломж гардаг. Хүүхдүүдээсээ ч суралцдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Би хүний мөн чанар, амьдралын үнэнийг харуулсан кинонд дуртай. Сүүлд "Joker"-ийг үзэхэд хөндсөн санаа нь тун чухал санагдсан шүү.

Хөгжмийн хувьд намуухан, уянгын хөгжим сонсох дуртай. Өнөөдөр гэхэд өглөөнөөс хойш "La La Land" киноны дуу аманд орчихсон явна. Мэдээж “The Hu” хамтлагийн үнэнч фен болсон. Өөрөө төгөлдөр хуур тоглодог байсан болохоор энэ хөгжмийг хүүхдүүд сураасай гэж хүсдэг. Төгөлдөр хуурыг тоглоход хоёр гар салдаг учир хүүхдийн баруун, зүүн тархи зэрэг хөгжих, бусад хичээлдээ амжилт гаргах үндэс нь болдог.

Номын тухайд, сэтгэл судлал, тэр дундаа зөв зан чанар, дадлын тухай шинжлэх ухааны судалгаатай, жишээ ихтэй номонд дуртай. Сүүлд Мелинда Гейтсийн “Хөөрөх мөч” номоос миний хийх гэж ядаад байгаа хүмүүнлэгийн ажлыг дэлхий даяар, асар өргөн цар хүрээнд хийж чадаж байгааг нь уншаад их урам авсан шүү. Харин уран зохиолын номуудыг, Тагтаа паблишингийн орчуулгын орчин цагийн сонгодгуудыг шимтэн уншдаг. Сүүлд гаргасан “Дур булаам” гээд шилдэг орчин цагийн богино өгүүллэгийн түүвэр нь сайхан бүтээл болсон байна лээ.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Намайг МҮОНТ-д ажиллаж байхад Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Цэенханд багш маань "Ихэнх эмэгтэйчүүдэд ямар нэг төрлийн дарамт, гүтгэлэг, атаа жөтөө ирдэг нь жам. Тиймээс хэцүү байдалд орох үедээ битгий сэтгэлээр унаарай, заавал давж гараарай” гэж захисан.

Бас дүүгийнхээ хэлсэн “Алсыг зорьсон буганд айлын нохой саад" гэдэг үгээр өөрийгөө зоригжуулж явдаг. Том зорилготой бол жижиг саад бэрхшээлийг битгий тоо гэсэн санаа.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Netflix-ийн “Марко Поло” кинонд ажиллаж, Холливүүдийн жүжигчдийн дунд орох завшаан тохиосон юм. Тэр хүмүүс эд материалын хэрэглээнд бус эрүүл амьдралын хэв маягт маш их анхаардгийг харсан. Тэдний ярианы гол сэдэв нь сайн чанартай хоол, дасгал хөдөлгөөн, хөдөлгөөний эвсэл, бүжиг гэх зэрэг дандаа өөрийгөө хөгжүүлэх зэрэг байсан нь манайхны хэллэгээр “аминдаа арчаатай” хүмүүс юм даа гэж бодогдуулж байв.

Залуустаа хандаж хэлэхэд, аль болох чанартай, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, дуртай спортоороо тууштай хичээллээрэй. Эрүүл л байвал бусад нь болно доо гэж хэлье.