Ярилцлагын ээлжит дугаартаа бид нийтлэлч Б.Болор-Эрдэнийг урилаа. Болушка бол нийгмийн амьдралд болж буй олон үйл явцыг гярхай ажиглаж бичдэг, бодлогын асуудлууд дээр хүчтэй дуугардаг, өнөө цагийн нэгэн тод дуу хоолой билээ. Тэрээр Токиогийн Их Сургуулийн бакалавр, магистрыг олон улсын санхүүгийн бодлогын чиглэлээр төгссөн бөгөөд 2014 онд Монголдоо ирж, Trends.mn-ийг байгуулан ажиллаж буй. Япон компаниудтай ажиллах, бичиж нийтлэх, олон нийттэй харилцах, видео продакшн хийх зэрэг олон ажлыг нэгэн зэрэг бүтээмж өндөртэй хийдэг түүний ажлын барилтай танилцацгаая.
Байршил: Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Trends.mn-ийг үүсгэн байгуулагч, нийтлэлч
Хэрэглэдэг гар утас: Samsung Note 8
Хэрэглэдэг компьютер: Lenovo Yoga
Сошиал хуудсууд: @bolushka (Твиттер), bolushka (Фэйсбүүк хуудас)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Нэгд, онолын салбар, бизнесийн салбар, тэгээд медиа, олон нийтийн харилцаа дамнасан намтартай гэдэг нь байх. Эдгээр салбарууд маань тусдаа яваад байдаг тал байдаг. Токиогийн Их Сургуульд онолоор сурч байгаад хувийн салбарт ажилладаг болж, одоо олон нийтэд илүү ойр хэвлэл мэдээлэл, видео продакшн салбарт улам их цаг зарах болж байна.
Хоёрт, нийтлэлч гэхээр чи өөрөө юу хийж үзсэн юм гэх мэт үгүйсгэл их ирдэг. Уг нь заавал бизнес хийж байж бичдэг юм ч биш боловч хориод насандаа дэлхийн мега эдийн засгийн төв, Токиод хамгийн өрсөлдөөнтэй салбарт өрсөлдөж, чанагдаж үзсэн үү гэвэл үзсэн. Тэр утгаараа сургууль дээр ч, ажил дээр ч маш их хичээх, ажиллах ёстой үеүдийг давж гарсан. Мэдээж тэр туршлага маань одоо анализ хийх, бичихэд их хэрэг болдог.
Уран бүтээл, олон нийтийн харилцаа талдаа хийж буй ажлуудаас жишээ хэлэхэд, өнгөрсөн жил Японы Эзэн хаан солигдоход хоёр улсын 30 жилийн харилцаагаар баримтат нэвтрүүлэг хийх төслийг удирдсан. Өнгөрсөн жилийн хагаст бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр залуу үеийн нөлөөлөгчидтэй хэлэлцүүлэг нэвтрүүлэг гаргах гэх мэт ажлууд их байлаа. Одоо сэтгүүлч Ш.Гүрбазар, Алтан Дорнод Монголын Т.Ганболд захирал нартай Монголын эдийн засгийн сүүлийн 30 жилийн талаар нэг нэвтрүүлэг хийж байгаа нь удахгүй цацагдана.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Салбар салбар дамжаад амьдрал, карьерийн өөрчлөлт дундуур явж байгаа учраас дундаж өдөр гэсэн ойлголт надад байхгүй л болчихоод байна. Нэг өдөр нь бүтэн япон хэл дээр ажиллаад, нөгөө өдөр нь бүтэн видео монтаж дээр сууж, маргааш нь олон нийттэй харилцах, эсвэл бүр гадаад ертөнцөөс ангид уншиж бичиж өнгөрөөх гэх мэтээр өөр өөр байна.
Токиод байхдаа бараг л цэрэгжилтийн байдалтай ажилладаг байсных юм уу ажил ихтэй болох тусам улам хурдан амжуулаад байдаг талтай. Сүүлийн үед зарим өдөр бүх ажлаасаа бүрэн хөндийрч сурч байна. Өмнө нь нийгмийн циклд захирагдаж явсан бол одоо өөрийн циклийг бий болгож сурч байгаагийнх юм болов уу.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Ямар ч ажлыг газрын зургаа зурж, системчилж байгаад эхэлдэг. Жишээ нь 9 өдөр өөр өөр видео дүрс авлаа гэхэд өдөр бүрийг нь эксел файл дээр өнгө өнгөөр коодлоод, дараа нь тэр мастер файлынхаа коодыг хараад холино. Шууд дүрстэйгээ ажилладаг студийнхэн маань гайхаж байсан.
Мөн ажил бол ажил, ажлыг энэ миний үүрэг, би энийг хийх ёстой гэж бодож ажилладаг. Одоо цагт дуртай зүйлээ л хий, тэгвэл ажил чинь ажил болохгүй гэсэн санаа их явж харагддаг. Гэхдээ амьдрал гэдэг чинь дандаа тийм чихэрлэг байхгүй шүү дээ. Дур сонирхолтой байвал амжилт гаргах боломж, үр ашиг нэмэгдэх нь нэмэгдэнэ. Гэхдээ ажлыг таашаалтай хэт их холих нь зөв биш байх. Ер нь дур сонирхолтой зүйлээ сонголоо ч амар ажил гэж нэг ч байхгүй. Таашаал гэж хандах гээд байхаар зовлонд нь тулаад ирэхээр хаячихаад байгаа юм. Тэгэхээр гарааны нөхцөл бол ямар ч ажил хэцүү гээд бодчих хэрэгтэй юм шиг байгаа юм. Би ер нь амархан ажилд нэг их дуртай биш. Хуучин боссынхоо “Амархан юм бол хийж яах юм, өөр хүн хийчих юм бол чи хийж яах юм” гэсэн үгийг санаж явдаг. Ажил амархан болж ирвэл уйдаад хаячих гээд байдаг. Тэгэхээр амархан орлож болохгүй, бас өөрийгөө сорих үүднээс одоогийн ажлуудаа хийж байгаа байх. Жишээ нь унших, бичих нь миний хобби, таашаал мөн үү гэвэл мөн. Гэхдээ би бусдад хүргэх нийтлэлд бол жишээ нь ажил гэж хариуцлагатай хандаж өөрийгөө шахдаг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Гартаа ажлын сайн багажтай байх дүрэмтэй. Samsung Note 8 дээр үзгээр зурж болдог болохоор их зүгээр байдаг. Samsung Note апп-ийг идэвхтэй ашиглана. Lenovo Yoga бас хөнгөн, процессор нь хурдан, дээр нь таблет болчихдог болохоор тэрнээсээ салахгүй. Ойрд анзаараад байхад би камер их хэрэглэдэг юм байна. Тухайн агшинд гоё харагдсан зүйлийн зургийг авах дуртай. Авсан зургуудаа бас системтэй ангилж хадгалдаг. Твиттер их хэрэглэж байна. Хүний оюун санааны хөгжилд итгэдэг, түүнийг илэрхийлэх нь чухал гэдэгт итгэдэг болохоор Твиттерийг үүний нэг хэлбэр, оюуны харилцаа явж байгаа орчин л гэж хардаг. Олон нийттэй харилцах ажил их болж ирээд чат аппуудтай фолдер л хамгийн олон сонордуулгатай байдаг болж
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Аливаа ажлыг хийхдээ гараан дээрээ сайн бодоогүй, төлөвлөгөө гаргаагүй бол эргэж буцах, давтаж хийх гэх мэтээр цаг их алддаг. Аливаа ажлыг хийх хамгийн дөт замыг олоод түүнийгээ чанартай хийх, нэг ажлыг хоёр хийхгүй гэдэг зарчим л барьдаг даа.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Ажлыг эхлэхдээ суурь дизайн буюу mindmap заавал зурдаг. Хүнтэй уулзаж, ярилцаж байхдаа ч зурж тэмдэглэж л байдаг. Mindmap зурна гэдэг нь сайн бодно л гэсэн үг. Бодож сурна гэдэг бас амаргүй юм билээ. Би төгсөөд ажил дээр гарахдаа том сургуулийн төгсөгч, их л өөртөө итгэлтэй хүн байлаа. Гэтэл бодоод хийлээ гэж бодоход л дутуу бодсон байна гээд буцаагддаг байв. Асар өндөр шаардлагатай, хурдтай өсөж байсан компанид ингэж нүдүүлсэн нь бодож сурахад маш том нөлөө үзүүлсэн. Ойрд хараад байхад заавал схем зурдаг дадлаасаа болоод үзэг цаас барихгүй л бол толгой дотроо төлөвлөж цэгцэлж чадахгүй болсон байна лээ. Зураг зурж төлөвлөлт хийгээд цаасан дээр буулгасан бол би өөрөө төлөвлөсөн зүйл хэрнээ тэр төлөвлөгөөндөө өөрөө захирагдаад байдаг. 22 хуудас редакторлоно гэсэн бол 18 болчихоод, ядраад байхад л больж чадахгүй дуусгадаг гэх мэт. Энэ нь сайн ч, муу ч талтай юм даа.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Нойр, хоолонд сайн гэдэг нь миний давуу тал гэж боддог. Амтархаж иднэ, хүн атаархтал унтана хэхэ. Амт голно, өөрөө хоол хийнэ. Түрүүн хэлсэн, сүүлийн үед зарим өдөр ажлаас бүрэн хөндийрдөг болоод байгаа гэж. Мөн ямар ч их ажилтай байсан өдөртөө ямар нэг сайн урлаг хэрэглэх цаг заавал гаргадаг. Сонгодог хөгжим сонсох, уран зохиол унших гэх мэт. Уран зургийг л таашааж хараахан сураагүй байна. Нэг бодлын хүмүүс бид чинь амьдрал гэдэг үзэгдэл хийж, тэнд авсан дүрдээ хэт итгэж алаад өгнө гээд л явж байгаа улс. Тэгэхээр ийм үзэгдлийн чанартай реализмын бүр гадна талд гарч, ээдэрч орооцолдсон мэдрэлийн эд эсээ салгаж байвал зүгээр. Ерөнхийдөө миний хувьд аливаа ажлыг амьдрал надад даалгасан болохоор биш би хүсэж сонгосон болохоор, өөрөөр хэлбэр өөрийн ухамсарт сонголт болохынх нь хувьд хийхийг боддог.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Одоо ёстой хоббигоо дагаад явж байгаа хүнд хийж байгаа зүйлсээ үндсэн, үндсэн биш гэж зааглах боломжгүй болчихлоо. Бизнесийн бус ажил гэвэл нийгмийн активизм юм болов уу. Он гарсаар Фэйсбүүк хэрэглэгчдэд яаж хүртээмжтэй мэдээлэл хүргэх вэ гэдэг дээр нэлээн туршиж ажиллаж байна. Тэтгэврийн зээл тэглэхийн эсрэг бас их цаг зарж байна, ийм цаг зарах хэрэг гарч байгаа нь гунигтай. Нийгмийн ажилд ер нь ялархаж хандвал хэцүү. Ер нь зарим нэг ажлыг зүгээр л “Үйлчил!” гэдэг дүрмээр хийнэ, яахав дээ цагаан сараар бид хөлсөө гоожуулаад гал тогоо бариад хамаатан саднаа сайхан шинэлүүлэх гэж үйлчилдэг биз дээ. Тэглээ гээд юу ч унадаггүй. Тэрэн шиг зарим нэг ажилд цэвэр үйлчлэгч, сервантын сэтгэлээр хандъя л даа. Хүн болгон л нэг том босс болоод байна шүү дээ, өнөө үед. "Чи хэр их хэрэглэгдэнэ, төдий чинээ их амьдарна" гэсэн Бернард Шоугийн үг бол миний хамгийн дуртай эшлэлийн нэг.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Бичих ажил хийхэд тулгардаг бэрхшээл манай орны онцлог, бас хүний онцлогтой л холбоотой. Зах зээл хөгжүүлээд удаагүй байгаа жижиг эдийн засагт хэдхэн эх үүсвэр тойроод бүгдийнх нь эрх ашиг зангилагдаж, тэр нь бүр ээдэрч орооцолдсон байдалтай. Ийм нөхцөлд зарчим хөндөж тавиад өөртөө дайсан хураах болдог. Уг нь бол хамтраад ажиллаад явах нь ашигтай байж болох хүнтэй зөрчилдөх болдог. Ухаалаг хүмүүс бол гэхдээ энэ нөхөр ажлаа хийж байгаа юм байна гэж ойлгодог, хувийн харилцаагаа зааглаж хардаг.
Гэхдээ юм хоёр талтай учраас төвийг сахисан колумнистын хувьд маш олон хүн дэмждэг, дэмждэг нь илүү олон. Бичих ажлын хамгийн сайхан нь гэхдээ иймэрхүү гадаад хүчин зүйлсээс илүү өөрийнх нь процесс шүү дээ. Хүний оюун санаа гэдэг гайхамшигтай, түүнийг илэрхийлнэ гэдэг, надаас тэс хамааралгүй явж байсан бодлын процесст шинэ идей оруулж өөрчилнө гэдэг гайхамшигтай. Энэ процесс асар бодитой, бас надад хэзээд гайхамшигтай учраас бусад үр дагавар, янз бүрээр хэлэгдэх гэх мэт дагалдах сөрөг асуудал бол хоёрдугаар зүйл. Ер нь оюун санааны ажилд бусдад хүндлэгдэх гэх мэт эерэг үр нөлөөнөөс ч ангид байж тухайн процессынх нь хувьд хандах ёстой гэж бодож байна. Оюун санаа бол өөрөө өөртөө зорилго. Оюун санаа, эсвэл боловсролыг бизнесийн арга хэрэгсэл гэж харах хүн байдаг, аж ахуй бизнесээс хавьгүй том, суурь зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй санагддаг.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
"Big Fish" кинон дээр нэг ноорхой байшинг харш болгодог доо, тэрэн шиг ойрд нэг "тасархай дэлбэрсэн" объектийг өөд нь татах ажилтай байна. Залуучууд цугладаг, уулздаг, зураг авдаг гэх мэт соёл, оюун санааны жижигхэн орчин хийх санаатай. Оффис, студи гээд тал талд явдаг байсан ажлыг бүгдийг нэг дор хийх, цаг хэмнэх боломж бүрдэнэ. Олон сар хайсан газраа олсон болохоор одоо тохижуулахад хэсэг төвлөрөх байх.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Ер нь суралцах, өөрчлөгдөхөд дуртай. Жишээ нь хэлтэй байх ёстой гэдэг дүрмийг дагах биш ерөөсөө л хэл сурч, япон сонгодгийг япон сүнстэй нь уншина гэдэг кайфтай учраас би одоо ч япон хэлээрээ байнга уншиж сурч байдаг. 2019 онд анх удаагаа ноот харж хөгжим тоглож үзлээ, видео монтаж хийж сурсан, сэлж сурсан. Энэ жил латин бүжгийн дугуйланд элсээд байна. Энэ жил ер нь байгалийн амьтан болохынх нь хувьд биеэ ойлгоё, сайн анхааръя гэж бодоод байгаа. Тоодайд сонгодог гитарын дамжаанд явж байснаа сэргээмээр байна, орос, хятад хэл сурч соёлыг нь нарийн ойлгомоор байна гээд л сурмаар зүйл зөндөө зөндөө.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Өөрийн таашаалыг бусдад тулгах бас буруу, гэхдээ миний дуртай кино жагсаалтын оройд "2046" өрсөлдөгчгүй байдаг. Вонг Кар Вайгийн энэ кинонд урлагийн олон төрөл дээд түвшиндээ сүлэлдэж гарсан гэж боддог юм. Киноны диалогт л гэхэд миний хамгийн дуртай Японы сонгодог Дазай Осамугаас шууд авч ашигласан байх жишээтэй. Сонгодог уран зохиолоос шууд эшлэл аваад хүний яриа болгон шингээх кино тийм ч олон биш. Хөгжим гэвэл мөн энэ киноны хөгжмийг санал болгоно. Ер нь Шигэрү Үмэбаяашигийн хөгжим ахуйгаас ангид үхэл амьдралын утга учрыг өгүүлэх шиг болдог. Одоо бидний амьдарч байгаа нийгэм, эдийн засгийн талаар гэвэл “The Big Short” киног санал болгоно. 2008 оны санхүүгийн хямрал бол 1930-аад оны их хямрал шиг дэлхийн түүхийн нэг эргэлтийн цэг яах аргагүй мөн. Тухайн үед Токиод сурч байсан болохоор судалгааны ертөнцөд өгсөн шокийг нь биеэрээ мэдэрсэн. "The Big Short" бол олон том од тоглож, тэр том ярвигтай үзэгдлийг хамгийн ойлгомжтой тайлбарлах гэж оролдсон кино. Товчдоо эрх мэдэл гэдэг зүйлийг шүтдэггүй юм аа, эрх мэдлийг хянадаг юм аа гэдгийг үзүүлсэн.
Ном гэвэл монгол хүмүүс эхлээд Д.Нацагдоржийгоо сайн унших хэрэгтэй гэж боддог, Нацагдоржийн монгол хэл гэдэг чинь л гоо зүй шүү дээ. Манай уран зохиолын орчуулга идэвхтэй, амьд байгаа болохоор бид олон орны "Нацагдорж"-ийг эх хэлээрээ унших боломжтой байна. Бизнесийн ном гэвэл гарчиг нь шууд механик маннер заах гэж байгаа юм шиг буруу сэтгэгдэл төрүүлдэг ч орчин цагийн бизнесийн сэтгэлгээг мөн чанар луу нь татах гэж оролдсон, тийм ч учраас дэлхий даяар уншигддаг "Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал" номыг хэлье.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Хүн нэг зүйлээс хараат байхын эсрэг байдаг болохоор олон хүнээс олон зүйл сурч шингээж авсан байх аа гэж боддог. Япон бол дээд үеийнхэн нь доод үеийнхнээ өсгөж хөгжүүлэх соёлтой газар. Анхны захирлынхаа ажлын арга барил, философиос ихийг сурсан шүү.
Бас бодоод үзэхэд эсрэг хүйс нэг нэгийгээ бүтээдэг ч юм шиг. "Томё Бодё" л гэхэд хүнд юм зааж сургах стилийн хүн биш ч байгаагаараа л намайг хүмүүжүүлсэн.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Бид бүгдээрээ байгалийн амьтан мөн үү гэвэл мөн. Энэ бол бодитой, бас муу муухай зүйл ч биш. Гэхдээ нийгмийн бүтээгдэхүүнүүд ч бас мөн. Нийгмийн амьтан гэж хэлээд байдаг ч тэр хэлц буруу, нийгмийн гишүүний хувьд хүн өөрийгөө бүтээдэг. Тэр бүтээх процесс ч асар бодитой, хүний соёл иргэншил, оюун ухааны хөгжил олон мянган жил үргэлжилж байна шүү дээ. Гэтэл гоё машин унаад, сайхан косчоом өмссөн, харахад нийгмийн бүтээгдэхүүн шиг хэлбэртэй хэрнээ агуулга нь цэвэр амьтнаараа хүмүүс байгаад байх юм. Өөрөөр хэлбэл хүний түүхэнд бүтээсэн үнэт зүйлс, оюун ухаан, гоо зүйг огоорч идэж уух, материаллаг хэрэгцээгээ хангахыг урьтал болгосон хүмүүс олон байна. Ийм байвал наанадаж хүний нийгэмд хүн шиг амьдарч буй хүмүүстэй долгион таарахгүй, цаанадаж өөрөө энэ мянга мянган жилийн бодитой процессоос таашаал авч чадахгүй шүү дээ.
Бэйсболын домогт тамирчин Ичирогийн нэг гоё үг бий. Өөрийг нь genius буюу төрөлхөөсөө авьяастай гоц юм гэлцэж байхад тэр "Би genius биш. Учир нь би хийж байгаа зүйлээ тайлбарлаж чадна" гэсэн байдаг. Асар их хөдөлмөрлөж, одоогийн би-гээ бүтээсэн гэдгээ хэлсэн нь тэр. Өөрөөр хэлбэл өөрийгөө бүтээсэн процесс нь бодитой гэдгийг илэрхийлж. Түүн шиг бодитой процессоор өөрийгөө нийгмийн хүний хувьд хөгжүүлж л явах хэрэгтэй, бид чинь оюун ухаант хүн шүү дээ.
И Иргэн 2020.01.19 202.131.250.130
Нэг хүнээр харах хэрэггүй. Нэг хүнээс чт өөрийгөө л олж харна. Зөвхөн өөрийн чадварын хэмжээнд дүгнэлт хийнэ. Мэдээж хүн шүүмжлэхэд эмзэглэнэ, мах чинь хорсоно. Харин олон Болушка бгааг санаж харьцуулж хараарай. Хэрэв түүнд дутагдал бвал нөгөөд нь бхгүй. Эд бол монголын оюун санааны улаан шугамыг татаж бгаа залуучууд... Хуучин нэг хүн лёкцээр тавьчихдаг бсан тэр улаан шугам. Одоо өөрөөр харах цаг болж...
З Зочин 2020.01.15 202.131.251.109
Маш гое цэгцтэй, зөв бодолтой эмэгтэй байна. манай одоогийн нийгэмд үнэхээр дутагдаж байгаа дуу хоолой мөнөөсөө мөн. яг энэ ярилцлага хэвлэгдэх номыг заавал олж авнаа үе үе уншиж тархиа дахин ачааллаж байнаа. Чи хэр их хэрэглэгдэнэ тэр хэрээр удаан амьдарна гэдэг яг миний зарчим
З Зочин 2020.01.11 40.139.8.224
Чөлөөтэй сайхан сэтгэдэг хүн байна. Эр/эм хамаагүй ингэж сэтгэж боддог хүмүүс монголд их байх тусмаа улсад маань хэрэгтэй. Ажилд нь өндөр амжилт хүсье.
D Doljoo 2020.01.10 66.181.167.95
Энэ хүн их л хэцүү давчдуу дотортой хүн шиг байдын. Гэхдээ энэ ярилцлага бол нуль эмх цэгцтэй бодол, дайчин байдал, хөдөлмөр, боловсрол үнэртсэн ярилцлага байна.
G GunErdene 2020.01.10 66.181.167.95
Ер нь оюун санааны ажилд бусдад хүндлэгдэх гэх мэт эерэг үр нөлөөнөөс ч ангид байж тухайн процессынх нь хувьд хандах ёстой гэж бодож байна. Оюун санаа бол өөрөө өөртөө зорилго. Оюун санаа, эсвэл боловсролыг бизнесийн арга хэрэгсэл гэж харах хүн байдаг,
У Уншигч 2020.01.10 202.179.8.4
Жоохон нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, өөрийн гэсэн хэв маягтай хүмүүсээс ярилцлага авбал зүгээр юм болов уу. Энэ мэт гарууд бол зөндөө л байдаг байх
B Bi 2020.01.10 202.126.89.25
Education сайтай ч төлөвшөөгүй хүмүүжилгүй өөрийгөө өндөрт тавьсан бүсгүй бна лээ. Иймэрхүү хэмжээний залуус зөндөө шдээ
З Зочин 2020.01.10 202.126.89.78
Баабарыг дуурайсан кино мино ярихыг лаг гээд ойлгочихсон авгай нар л их байдаг болж. Байдаг л бандгар
Х Хамбий 2020.01.09 202.21.109.150
Ийм ярилцлага сонин биш болжээ.. Хүний ажиллах арга барил гэхээсээ үзэл бодол нь сонин ч юм уу. Ямар ч л байсан сонирхол төрөхөө байж
У Уучлаарай 2020.01.09 103.212.117.69
Орон гаран төлөвшөөгүй, эго ихтэй хүүхэн санагддаг. Нэг тийм тулх ухаантай, билгүүнтэй хүн бол бишээ.
U Uranzaya.B 2020.01.09 66.181.185.121
Нийтлэлүүдийг нь унших дуртай. Үзэл нь гоё тогтсон эмэгтэй. Бодитоор сэтгэхэд маш том тус болдог хүн
B Baigal 2020.01.09 66.181.184.252
Анд нөхдийнхөө амжилтыг гэрчилж амьдрах сайхаан @bolushka ???? Өөрийнх нь хэлсэн үг бдым ???????? .
З Зочин 2020.01.09 66.181.184.252
Болушка бол нийгмийн амьдралд болж буй олон үйл явцыг гярхай ажиглаж бичдэг, бодлогын асуудлууд дээр хүчтэй дуугардаг, өнөө цагийн нэгэн тод дуу хоолой билээ. гэж гоё тодорхойлжээ.
Т Түвшин 2020.01.09 202.131.245.50
Боловсролтой, санаж сэддэг ч түүчээ болж байгаа нь үнэн ч. Бас л орон гаран шүү дээ. Заримдаа төлөвшөөгүй ч юм шиг.
Э Эрдэмт хүн даруу 2020.01.09 103.229.122.77
Их мөрөн дөлгөөн гэдгээс тэс хөндлөн, өөрийгөө их юманд бодсон, маш бүдүүлэг хүүхэн юм шиг санагддаг.
З Зочин 2020.01.09 192.82.65.146
Нэг хурал зохион байгуулж байхад нь зохион байгуулагч гэдэг үүднээс нь мэдээлэл авч, нетворкинг хийн танилцах гээд очтол Би завгүй байна гээд үл тоосон шинжтэй хараад яваад өгөхөд нь шоконд орж билээ. Дараа нь сонсохнээ твиттер нтрын "од" юм бх. Өөрийгөө мэдэрч, хүнийг ялгаж харьцах онцгүй бдаг гэдгийг аль ч салбарын "одууд" анхаараасай.
Т Телнар 2020.01.09 1.143.89.188
Байнга нэг загвараар ярилцлага авахаар их уйтгартай юм. Хувь хүн талаас нь түлхүү ярилцсан бол сонирхолтой байх байлаа
О Оюун 2020.01.09 43.242.242.68
Энэ эмэгтэй ёстой мундаг боловсролтой Жиргээг нь байнга уншдаг бахархдаг Улс орныг удирдаж авч явах хүний нэг мөнөөсөө мөн
A Amjilt mundag bna shu 2020.01.09 64.119.17.176
Za zaluu uyiin mani tuluul busgui vhmd amjilt husey za neg sanaa bna tetgeveriin zeel tegleh tal dr joohon esreg bair suurtai bnalda alivaa zuil 2 taltai niigmiin daatgald ajil bsan huniihee huvid heleh gj bga ym tetgevert garaad 1 sar 6 sar 1 jil blood burhan bolj bsan ulsiig harjil bla haramsaj odooch haramsdag buhel buten 20 30 40 jil ajilaad za gavyanda garlaa gd burhan bolchihson olon uls bdag tiimees 1 udaa yahav ahmaduudaa harj uzej bno ene halamj bish gedgiig joohon ym unshdag hu olood harj chadna nuguu talaa tetge veriin togtoltsoogoo uurchilmuur bna za 2t ene sahiltiin ord gd buun ym blod bga eniig ingej ergeltend oruulsan zuv songuuli ungurluu naadam bolloo hen negen n chimeegui uuriin medeld avchihana turd ajil bga hun nadaa heljil bsan buh bolohgui zuiliig naadam tsagaan sar ali neg bayruudiig harj bain hiideg gj za 3 t ene вальютийн ченжүүдийг bhgui bolhomoor bna ajil hiideggui bayalag buteedeggui shimegch nar ene zun korea zahiral manj ireed unendee gaihaj bnle 3 say huntei 10 garan banktai baij вальют n har zah dr ченж nar atgaj bh gj de gj manai uls buren hynadag gj helj bsan ym end ченж nar ediin zasgiin dotoodiin aluurchid shu za amjilt
W WAVY 2020.01.09 202.179.16.27
Hi, нэг зүйл засагдахгүй байгаа харагдлаа, хөлний хэсэгт байрлах Insta-ийн icon дээр маузаа аваачихаар харлаж харагдаад байна шүү.
Х Хүү 2020.01.09 66.181.190.64
Хөөрхөн шүү хайртай шүү. Тэгэж бичихээр уурлаад бдг бил үү юув лээ, зүгээр л жиргээний дагалцагчаас.