Бидний өвөг дээдэс 13-р зуунд дэлхийд урьд өмнө байгаагүй үлэмж том газар нутагтай Их Монгол улсыг байгуулж байсан түүхтэй билээ. Энэхүү улсыг бүтээн цогцлооход томоохон үүрэг гүйцэтгэсэн зүйл бол морин өртөө юм. Өртөөний сүлжээ бий болсноор өрнө, дорнын ард түмэн бие биеэ танин мэдэх, соёл, шинжлэх ухааны ололт амжилт харилцан нэвтрэх өргөн боломж нээгдэж, өргөн уудам нутагт харьцангуй богино хугацаанд мэдээлэл түгэх нөхцөл бүрдсэн бөгөөд энэ нь тухайн үедээ өнөөгийн интернетийн үүрэг гүйцэтгэж байсан гэж зарим судлаачид үздэг.

Тэр цагаас олон зуун жилийн дараа, өдгөө интернэт өргөн хэрэглээнд нэвтэрсэн мэдээллийн эрин зуунд монголчууд бид мэдээллийг боловсруулах, ашиглах тал дээр одоо олон улс орноос хоцорч буй нь нууц биш. Тиймээс энэ асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахаар нэгдсэн Machine Learning UB коммюнитигийн залуус "AI Nomads" төрийн бус байгууллагыг байгуулан, Data Nomads нэртэй арга хэмжээг 4-р сарын 18, 19-нд зохион байгуулах гэж буйг бид онцолж байна.

DATA NOMADS АРГА ХЭМЖЭЭНИЙ  тухай

Data Nomads-ийн гол зорилго нь сүүлийн үед бизнес, нийгмийн амьдралын салшгүй хэсэг болтлоо өргөжин хөгжиж буй өгөгдлийн шинжлэх ухаан (Data Science), машин сургалт (Machine Learning), хиймэл оюун (Artificial Intelligence) хөгжүүлэлтийн салбарыг дэмжих, нийтэд тоон мэдээлэл-датаны нөлөө, ач холбогдол ба хэрэглээг таниулах юм.

Уг арга хэмжээ нь онлайн тэмцээн болон датанд суурилсан байгууллагуудын туршлага солилцох гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэж буй. Kaggle платформ дээр суурилсан онлайн тэмцээний 1-р шат 3-р сарын 1-ээс эхлэн энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд шилдэг 15 баг дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авах ажээ.

Онлайн тэмцээн явагдах Kaggle нь өгөгдөл судлаач, машин сургалт сонирхогчдын онлайн коммюнити бөгөөд 2010 оноос эхлэн онлайн тэмцээн зохион байгуулж эхэлжээ. Kaggle дээр ажилласнаар дата хайж олох, нийтлэх, вэбэд суурилсан өгөгдөл-шинжлэх ухааны орчинд загвар үүсгэх, судлах, бусад өгөгдөл судлаач, машин судлах инженерүүдтэй хамтран ажиллах, мэдээллийн шинжлэх ухааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тэмцээнд оролцох боломжтой болдог онцлогтой.

ЭВЕНТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ: DATA NOMADS: AI & DS CONFERENCE

ML UB

ОНЛАЙН ТЭМЦЭЭНИЙ ТАЛААР

Онлайн тэмцээний 1-р шатны даалгавар нь Улаанбаатар хотын нийтийн тээвэрт яваа автобусны датан дээр үндэслэн хиймэл оюун болон машин сургалтын загварыг ашиглан автобуснуудын дараагийн зогсоолд ирэх цагийг зөв таамаглах юм.

Дэлхийн хөгжингүй улсуудад нийтийн тээврийн датаг ашиглан "real-time" систем бий болгог нийтийн тээврийн үр ашгийг нэмэгдүүлж, иргэдэд зорчих аргаа төлөвлөх, цаг хугацаагаа хэмнэх бололцоог олгож иргэдийн амьдралд бодит тус хүргэдэг билээ.

Энэ тэмцээний хүрээнд сайн шийдэл гаргаж ирснээр автобусаар зорчигч та автобус хэдэн минутын дараа ирэхийг мэдэхгүй дэмий хүлээн зогсох шаардлагагүй болж төлөвлөсөн цагт автобусанд суудаг болох учиртай.

ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ: DATA NOMADS - 1-Р ШАТ

ML UB

Одоогийн байдлаар онлайн тэмцээнд өрсөлдөж буй 8 баг үр дүнгээ танилцуулаад байна. Эдгээрийн нэг Avtuus л гэхэд фэйсбүүк чатбот ашиглан таны очих буудлын нэр, автобусны чиглэлийг хялбар байдлаар мэдээлэх боломж олгоно гэнэ.

Тэмцээн одоог хүртэл нээлттэй үргэлжилж байгаа. 3-р сарын 25 хүртэл баг бүрдүүлэлт үргэлжлэх бөгөөд өдөрт 5 хүртэлх үр дүнг илгээх боломжтой юм. Улмаар шилдэг 15 багийн нэр 3-р сарын 31-нд тодрох ажээ. Онлайн тэмцээнд өрсөлдөхийг хүсвэл дараах алхмуудыг давахыг зохион байгуулагчид сануулж байна.

1. Kaggle.com дээр бүртгэл нээх

2. Бүртгэлийн форм бөглөх

3. 2-4 хүнтэй баг бүрдүүлэх

4. Имэйлээр ирсэн даалгаврыг аван тэмцээндээ оролцох