Швейцарын Давос хотноо жил бүр зохиогддог Дэлхийн Эдийн Засгийн Форумд дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс буюу олон улс орны төрийн тэргүүд, топ компаниудын удирдах ажилтнууд хуран чуулж, өнөөдөр манай гарагт тулгамдаад буй гол асуудлуудыг хэлэлцдэг билээ. Энэхүү форумд ДЭЗФ-ын дэргэдэх Глобал Шейперс нийгэмлэг дэлхийн 420 орчим хот дахь 10,000 гаруй гишүүдээсээ 50 залуу лидерийг сонгож оролцуулдаг бөгөөд тэдний нэгээр энэ жил Зориг сангийн гүйцэтгэх захирал М.Маралмаа сонгогдсон юм. Форумд оролцох үедээ манай инстаграм хуудсаар дамжуулан тогтмол стори, мэдээлэл хуваалцаж байсан тэрээр энэ удаад энэ жилийн Давосын чуулганд оролцсон сэтгэгдлээ Unread-ийн уншигчидтай хуваалцаж байна.

Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцсон тэмдэглэл

Кинонд л гардаг болов уу гэмээр үзэсгэлэнт харагдацтай, цаст уулсын дундуур 2 цаг гаруй галт тэргээр явсаар Цюрих хотоос Давост хүрнэ. Жилийн бусад үед 10,000 хүрэхгүй оршин суугчтай энэ буйдхан тосгон жил бүрийн нэг л долоо хоногт 30,000 гаруй зочин хүлээн авч, дэлхийн хамгийн чинээлэг, нэр хүндтэй, эрх мэдэлтэй цөөнхийн “уулзах цэг” болж хувирдаг. Давосыг хэн ч зорьж очиж болох хэдий ч форумын албан ёсны үнэмлэх авахын тулд зочдын нэрсийн жагсаалтад багтсан байх шаардлагатай. Алганд багтах хуванцар цагаан үнэмлэх форумын хаалттай, хамгаалалт өндөртэй хэсгүүд рүү асуудалгүй нэвтрэх түлхүүр болдог. Цагаан өнгийн үнэмлэхийг авахын тулд та "ердөө" аль нэг улсын төрийн өндөр албан тушаалтан, эсвэл дэлхийн шилдэг компани удирддаг байхад л хангалттай. Аль эсвэл жилийн 600,000 швейцар франкийн гишүүнчлэлтэй ДЭЗФ-ын стратегийн түнш болж ч бас болно.

WEF

Бид Давос Волфганг өртөөн дээр буугаад тус тусын чемоданаа чирсээр дараагийн 5 өдөр байрлах газар луугаа хөдөлцгөөв. Халуун орноос ирсэн залуус маань анх удаагаа цас харж хөөрөлдөх хооронд олон өвөл үзэж, хат суусан зарим нь түрүүлэн алхлаа. Давос далайн түвшнээс 1500 гаруй метрийн өндөрт орших тул сэрүү татсан цэнгэг агаартай. Ийм ч учраас 19 дүгээр зуунд сүрьеэ туссан хүмүүс Давосыг зорьж, цэвэр агаарт сувилуулдаг байж. Харин өнөө цагт Форум, аялал жуулчлал, цанын бааз зэрэг нь Давосын эдийн засгийг голчлон бүрдүүлдэг.

ДЭЗФ-ын үеэр Давосын зочид буудлуудын үнэ тэнгэрт хадаж, Давосын төвд ойрхон жижиг сууцыг Airbnb-ээр нэг хоног түрээслэхэд 6781 евро хэрэг болно. Азаар бидний байрлах газрыг Форумаас хариуцаж байсан юм. Ерөнхийлөгчид, олны танил хүмүүсийн голчлон буудалладаг Интерконтенинтал зочид буудал гэхэд Давосын форумын үеэр ердийн үнээсээ 5 дахин илүү үнээр зочид хүлээн авдаг аж.

WEF

Алдарт цагаан үнэмлэхээ хүлээж авсны дараа бид Глобал Шейпер 50 залуусын хамт чиглүүлэх уулзалтанд оролцлоо. Глобал Шейперс нь ДЭЗФ-ын дэргэдэх залуусын сайн дурын нэгдэл бөгөөд 420 гаруй хотод 10,000 гаруй залуусын эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Эдгээр залуус өөрсдийн амьдарч буй хот, бүсэд тулгараад буй асуудлуудыг шийдэхээр хамтран ажилладаг. Энэ жил 40 өөр орны 50 залуус дэлхийн хүн амын талаас илүү хувь болох залуучуудыг төлөөлж энэхүү форумд оролцсон юм.

Давосын оролцогчдын дундаж нас 54, хэдэн зуун сая долларын хөрөнгөтэй, цагаан арьст эрэгтэй оролцогчид дийлэнхийг эзэлдэг. Иймдээ ч Давосын уулзалт сүүлийн жилүүдэд олон эсэргүүцэлтэй тулгарч “Элитүүдийн чуулган” хэмээн шүүмжлүүлэх болсон юм. Харин зохион байгуулагчдын зүгээс жендер болон насны харьцааг тэнцвэржүүлэхэд онцгойлон анхаарч байгаа нь бидний оролцооноос мэдэгдэж байв. Бидний 50 залуусыг "Давост залуу хүмүүсийн дуу хоолой болж, тэд ямар чадавхтай, юу хийж бүтээх боломжтойг харуулаарай" хэмээн урьсан талаар ДЭЗФ-ын үүсгэн байгуулагч Клаус Шваб бидэнтэй хийсэн хаалттай уулзалтын үеэрээ захиж хэлсэн билээ.

Энэ жилийн форумд албан ёсоор 2800 хүн оролцсоноос 91 улсын төрийн төлөөлөл, тэр дунд бидний сайн мэдэх АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Хонгконгийн Ерөнхий захирагч Карри Лим, саяхан сонгогдсон Финляндын залуухан Ерөнхий сайд Санна Марин, Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга зэрэг 50 гаруй төрийн тэргүүд багтсан байлаа. Мөн дэлхийн технологийн гигантууд болох Microsoft-ийн Сатяа Наделла, Facebook-ийн Шэйрил Сандберг, Salesforce-ийн Марк Бениофф, ОУВС, Европын төв банк, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудын удирдах ажилтнууд мөн иржээ.

Нэрийг нь сонсоод л сүрдмээр алдартай эрхмүүдтэй зөрөөд өнгөрөх биш, нэг хуралд сууж, хамтдаа хооллож, санал солилцох боломж олгодог нь Давосын гол давуу тал. Албан ёсны хурал, хэлэлцүүлгүүдээс илүүтэй ганцаарчилсан уулзалт, тусгай гэрээ хэлэлцээрүүд нь олон хүмүүсийн Давосыг зорих гол шалтгаан болдог. Миний ярилцсан технологийн компанийн мэргэжилтний хэлэхдээ компанийнхаа жилийн орлогын 80 хувийг Давосын үеэр хийсэн хэлцэл, уулзалтуудад үндэслэн бүрдүүлдэг гэсэн юм. Тийм болоод ч зарим нь Давосыг “Шидэт уул” хэмээн нэрлэдэг биз. Зөвхөн бизнесийн хэлцэл ч биш улс хоорондын маргааныг шийдсэн түүхэн хэлэлцээрүүд Давост зохион байгуулагдаж байсан.

WEF

Форумын гол танхим болох Конгрессийн төвийн дотор нэгэн зэрэг маш олон сонирхолтой хэлэлцүүлэг, ярилцлага, үзэсгэлэн өглөөний 7 цагаас 18 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд зарим илтгэгчийг сонсохын тулд цагийн өмнө заалны гадна дараалалд зогсох хэрэг гарна. Миний хувьд өөрийн сонирхсон сэдэв ба илтгэгчдийн хэлэлцүүлэг, илтгэлүүдийн хуваарийг урьдаас гаргаж бэлдсэн байсан нь цаг хэмнэсэн.

Энэ жилийн форум “Эв нэгдэл, тогтвортой хөгжлийг цогцлоох оролцогч талууд” сэдэвтэй байсан бөгөөд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүртээмжтэй нийгэм, технологийн хөгжил, аж үйлдвэрийн 4-р хувьсгал, геополитик гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд 450 гаруй жижиг хурал 4 өдрийн турш зохион байгуулагдсан юм. Үүнээс би нэг өдөрт 4-5 хуралд сууж амжсан гээд бодохоор бүх зүйлийг зэрэг сурах, сонсох боломжгүй байлаа. Зарим хурлууд олон нийтэд шууд дамжуулагддаг бол зарим нь “Чатам хаус” буюу тэр өрөөнд ярьсан зүйл зөвхөн тэндээ үлдэх дүрэмтэй. Үндсэндээ энэ жилийн форумын гол сэдвүүд тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт ба оролцогч талуудын капитализм байлаа. Томоохон компаниуд үйл ажиллагаагаа зөвхөн тоо, санхүүгийн үзүүлэлтээр дүгнэн тайлагнах бус байгаль орчинд үзүүлсэн нөлөө, ажилчдын эрүүл мэнд, сайн сайхан, мөн байгууллагын хүртээмжтэй байдлын талаар жилийн тайландаа оруулах амлалтыг өгсөн.

Түүнчлэн бизнесийн байгууллагууд зөвхөн хувь нийлүүлэгчдийн (shareholder) эрх ашиг биш бүх талуудын (stakeholder) эрх ашиг, сайн сайхны төлөө ажиллах ёстой талаар дурдаагүй хэлэлцүүлэг тун цөөн. Эрүүл мэнд, тэр дундаа сэтгэцийн эрүүл мэнд энэ жилийн халуухан сэдвүүдийн нэг байсныг онцолъё. Технологийн хамаарал улам л нэмэгдэж буй өнөө цагт бид хэрхэн сэтгэл зүйн хувьд эрүүл байх вэ? Амиа хорлолт, сэтгэл гутралыг яаж даван туулах вэ? Эдгээр асуудал тулгарч буй хүмүүст бид хэрхэн туслах вэ зэрэг хүмүүнлэг бөгөөд бодитой асуудлуудыг хөндөж, шийдлийг эрэлхийлсэнд залуу хүнийхээ хувьд үнэхээр баярласан.

WEF

Олон нийтэд хүргэх боломжтой хурлуудаас надад хамгийн их сэтгэгдэл үлдээсэн гурван хэлэлцүүлгийг онцлон тоймлоё:

1. Хамтын ирээдүйн төлөөх тогтвортой хөгжлийн жим

Шейперүүд үнэндээ Давосын хамгийн залуу оролцогчид байсангүй. Энэ жил 13-19 насны өсвөр насны 12 залуу манлайлагч мөн урилгаар оролцсон юм. Канадын уугуул иргэдийн усны асуудлыг хөндсөн Отом, Пуерто Рикогийн шуурганд өртсөн иргэдэд хямд төсөр цахилгааны шийдэл бий болгосон Салвадор хүү, дэлхий даяар сая сая хүнийг уриалан дуудаж эгнээндээ нэгтгэсэн Грета, Замби улсдаа охидын эрхийн төлөө тууштай тэмцдэг Наташа гээд нас залуу ч ихийг хийж бүтээсэн Gen Z төлөөллүүд TIME сэтгүүлийн редактортай ярилцсан юм. Тэдний хэлсэн гол санаа нь залуучууд, хүүхдүүд бид дуу хоолойгоо хүргэх гэж биш хийж буй ажилдаа дэмжлэг авах гэж энд ирсэн. Биднийг зөвхөн сонсоод өнгөрөх биш ирээдүйд маань хамаатай асуудлуудад биднийг оролцуулаач гэдгийг хэлж байсан юм. Насандаа баймгүй хэрсүү яриатай тэднээр бахархахаас гадна өөрөөсөө багахан ичсэн шүү.

WEF

2. 21 дүгээр зуунд хэрхэн амьд үлдэх вэ?

Бичсэн бүх ном нь Нью Йорк Таймсын бестселлер болсон Sapiens, Home Deus зэрэг номын зохиогч, түүхч Юваль Ноа Хараригийн оролцсон энэхүү хэлэлцүүлэг маш сонирхолтой байлаа. Технологи биднийг хаашаа хөтөлж байна вэ? Бидний датаг гартаа оруулсан хүмүүс биднийг өөрсдөөс маань ч илүү мэдэж, олж авсан мэдээллээ бидний эсрэг хялбархан ашиглах боломжтой болсон энэ үед хэрхэн итгэл үнэмшлээ алдахгүйгээр цаашид технологитой хэрхэн зэрэгцэн амьдрах талаар айдас төрүүлэм боловч сонирхолтой илтгэлийг танилцуулсан юм. Заавал үзээрэй.

САНАЛ БОЛГОХ: ЮВАЛЬ НОА ХАРАРИГИЙН "21 LESSONS FOR 21ST CENTURY" НОМЫН ТУХАЙ

Unread

3. 50-50 жендерийн тэгш байдалд хүрэх нь

Дэлхийн улс орнуудын 75 хувь нь эрэгтэй удирдагчтай. Бизнесийн ертөнцөд энэ тоо бүр ч бага. Энэ жилийн форумд түүхэндээ хамгийн олон эмэгтэй оролцогч оролцсон гэж буй ч энэ нь нийт оролцогчдын ердөө 24 хувь буюу 4 оролцогч тутмын зөвхөн нэг нь л эмэгтэй. Тэгвэл 2030 гэхэд оролцоог тэгш болгох боломжтой юу? Бид юу хийх хэрэгтэй вэ?

Эдгээрээс гадна бусад хэлэлцүүлэг, илтгэлүүдийг Форумын албан ёсны сувгаар бүрэн үзэх боломжтой.

Ингээд өдрийн хэлэлцүүлгүүд дуусаж, зөвхөн цагаан үнэмлэхээр нэвтэрч болох Конгрессийн төвөөс гармагц Давосын гол гудамж болох Променад руу орно. Энгийн үед хувцасны дэлгүүр, цанын хэрэгсэл зардаг жижиг мухлагуудыг долоо хоногийн турш улс орнууд болон компаниуд түрээслэн, өөрсдийн павилион болгон ашигладаг. Украйн улсын павилионы эсрэг талд Саудын Арабын ханхүүгийн байгуулсан сан, хажууханд нь Өмнөд Солонгосын алдарт чаебол SK, бага зэрэг цаашилбал Facebook-ийн модон павилион гээд л 2 километр хүрэхгүй зайд дэлхийн бүх тив, бизнесийн конгломератуудын төлөөллийг нэгэн дороос ганцхан Давост л харах боломжтой. Эдгээр павилионуудад улс орон, компаниа танилцуулахаас гадна хэлэлцүүлэг, уулзалтууд зохион байгуулна.

Харин нөгөө талд нь медиа талбар буюу дэлхийн шилдэг бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн асрыг байршуулж хэн, хэзээ юу хэлсэн талаар цаг алдалгүй үзэгч, уншигчдад мэдээлнэ. Монголоос Блүүмберг ТВ энэ жилийн уулзалтыг бүрэн сурвалжилсан.

WEF

Оройн цагаар Давосын гудамжууд бүр л хөл хөдөлгөөнтэй болно. Компаниуд өөрийн нэрийн үдэшлэг, коктейль, нетворкинг үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд урилгатай, урилгагүй зочид үдэшлэг хооронд холхиж, шинэхэн танилуудтай холбоо тогтоон, эцэст нь бүгд Давосын алдарт “Piano Bar”-т цугласнаар нэгэн өдөр өндөрлөнө. Энэ янзаар Давост өнгөрүүлсэн 5 хоног нүд ирмэх зуур л өнгөрч, сүүлчийн өдрөөс хүмүүсийн нүдний дор хөх туяа татаж эхэлсэн юм. Өнгөцхөн дүгнэхэд үнэхээр л элитүүдийн цуглаан мэт боловч Давост би байгаа байгаа газартаа өөрчлөлтийг авчирч буй эгэл даруу олон хүнтэй тааралдсан. Гэвч тэдний олонх нь хэлэлцүүлгийн ширээ биш үзэгчдийн танхимд сууж байсан юм.

Давосоос буцах галт тэргэнд суугаад өнгөрсөн хэдэн өдрийг эргэн харахад надад хариултаас илүү асуулт олон байлаа. Бидний ирээдүйд нөлөөлөх олон шийдвэрийг энд цугласан 3000 хүрэхгүй хүмүүс гаргах нь зөв үү? Тэдний шийдэл бодитой болов уу? Энд өгсөн гайхалтай амлалтууддаа тэд хүрэх болов уу? Тэрэнд нь залуус үнэхээр оролцох болов уу?

Ямартай ч би өөдрөг байлаа.