Вирусын халдвар дэлхий нийтийг айдаст автуулаад буй өнөө цагт зайнаас ажиллах тренд хүчээ авч байна. Нэг тэрбум дөрвөн зуун сая хүн амтай Хятад улс цар тахалын үед гардаг эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд ард иргэдээ энэ маягаар ажиллуулж эхлэв. Зайнаас ажиллагсадыг дижитал нүүдэлчид гэж нэрлэх бөгөөд өнгөрсөн оны байдлаар тэдний тоо 4,8 сая байсан ба судлаачид энэ тоог 2035 он гэхэд нэг тэрбумд хүрнэ гэж үзэж байсан юм. Харин хамгийн олон ажиллах хүчинтэй Хятад улсын бизнесүүд дижитал нүүдэл хийж байгаа бол энэ судалгааны дүн тооцоолсноос өндөр гарах биз ээ. Дижитал нүүдэлчид буюу интернет ашиглан хүссэн газраасаа ажилладаг хүмүүсийг ажил олгогчид ихээр хөлсөлж, ажилчид ч энэ хэв маягт шилжиж байна. Үүн дээр нэмээд өндөр хурдны 5G сүлжээ, холографи уулзалт хийх боломж гээд тэдний ажиллах орчинг сайжруулах технологийн хүчин зүйлс бүрдэж, дижитал нүүдэлчдийн тоог нэмж байна. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээр энэхүү цоо шинэ хандлага ямар давуу болон сул талтай, тэр нь бидэнд хэрхэн нөлөөлөх талаар хөндлөө.

Дижитал нүүдэл ажил олгогчдод хэрхэн нөлөөлөх вэ?

Тогтвортой ажиллах хүчин

Owl лабораторийн судалгаагаар зайнаас ажиллагсад ойрын 5 жилийн хугацаанд одоогийн ажил дээрээ үлдэх магадлал энгийн ажилчдаас 13 хувиар өндөр гарсан байна. Мөн тэдний 55 хувь нь компани зайнаас ажиллахыг зөвшөөрөхгүй бол дараагийн ажлаа хайх хандлагатай байжээ. Тэгэхээр зайнаас ажиллах нь ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, цаашлаад компанидаа тогтвортой ажиллахад нөлөөлдөг байна.

Зардал танах

Ажилчид зайнаас ажиллавал компаниас оффисийн түрээс төлж, тавилга худалдаж аван, элдэв засвар үйлчилгээ хийх шаардлагагүй болно. Энэ нь компанийн зардлыг эрс бууруулж, зайнаас ажиллах ажилтан бүрийнхээ тоогоор мөнгөө хэмнэх боломжийг олгоно гэсэн үг.

САНАЛ БОЛГОХ: БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖИЙГ НЭМЭХ 4 ЧУХАЛ ЗҮЙЛ

Unread

Ажиллах хүчний өргөн сонголт

Ажил олгогчдод дэлхийн хаанаас ч сайн мэргэжилтэн сонгох асар том зах зээлийг нээж байна. Заавал өөрийн нутаг орондоо баригдалгүйгээр, эсвэл гадаадаас хэт өндөр цалин амлаж хүн авчирна гэлгүй сонголтоо хийнэ гэдэг нь маш том боломж. Дэлхий "хавтгай" болчихсон гэдэг дээ?

Хичээнгүй ажилчид

Ажилчид зайнаас ажиллахдаа ихээхэн сэтгэл ханамж авдаг. Үр дүнд нь тэд илүү урам зоригтойгоор, бүтээлчээр ажилладаг байна. Зайнаас ажиллагсад жирийн ажилчидтай харьцуулахад илүү бүтээмжтэй ажилладаг ба өндөр үр дүн гаргадаг гэнэ.

Дижитал нүүдэл ажилчдад хэрхэн нөлөөлөх вэ?

Бүтээмж нэмэгдэнэ

Станфордоос гаргасан судалгаагаар гэрээсээ ажиллагсад оффисын ажилчдаас 13 хувиар илүү бүтээмжтэй байдаг байна. Энэ нь тэд өөрийн цагийн хуваариа гаргадаг учир хамгийн бүтээмжтэй цагтаа ажиллаж илүү чанартай ажил хийдэгтэй холбоотой. Судалгаанд оролцогсдын 65 хувь нь зайнаас ажиллах нь оффист ажиллахаас илүү үр дүнтэй гэсэн бол 32 хувь нь яг ижил, 3 хувь нь илүү бага гэж үзжээ.

Мөнгө хэмнэнэ

Та ажилдаа явахдаа, ажил дээрээ байхдаа хэр хэмжээний зардал гаргадаг вэ? Зайнаас ажилласнаар энэ бүхнийг хэмнэх боломжтой. Хамгийн түрүүнд та ажилдаа явахын тулд машиндаа бензин хийх, таксинд мөнгө төлөх гэх мэт тээврийн зардал гаргах хэрэггүй болно. Та өдөр бүр нэг газар луугаа мөнгө төлж явахын оронд өөр өөр газраар аялж болно шүү дээ. Мөн та үнэтэй оффисын хувцас, ажлын дүрэмт хувцсанд мөнгө үрэх шаардлагагүй болно. Мэдээж хоолны мөнгө хэмнэгдэнэ. Бас хүүхдээ хэн нэгэнд харуулахын тулд төлбөр төлөх шаардлагагүй болно.

САНАЛ БОЛГОХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД

Unread

Уян хатан цагийн хуваарь ба ажил амьдралын тэнцвэр

Хүмүүсийн зайнаас ажиллах хамгийн голлох шалтгаануудын нэг нь яах аргагүй уян хатан цагийн хуваарь. Хүссэн цагтаа, хүссэн газраасаа ажиллах нь ажилчдад гэр бүл дотны хүмүүстээ цаг гаргах боломж олгодог. Энэ нь цаашлаад ажилчдыг ажил амьдралын зөв тэнцвэрийг тогтоож, илүү аз жаргалтай байхад нөлөөлдөг.

Хөгжиж буй орны мэргэжилтнүүдэд илүү их боломж олдоно

Та өмнө нь “тийм ийм мэргэжлээр төгссөн болохоор Монголд мэргэжлээрээ ажиллах боломжгүй” гэдэг үг сонсож байсан уу? Эсвэл сурагчид мэргэжлээ сонгохдоо “ойрын арван жилд Монголд эрэлттэй байх мэргэжлүүд” гэсэн график гаргаад сууж байхын харсан уу? Тийм бол энэ байдал ор тас байхгүй болох нь байна. Учир нь хүмүүс улс орон харгалзахгүй зайнаас ажиллах боломжтой болно. Ялангуяа манайх шиг хөгжиж буй орны мэргэжилтнүүдэд энэ чиг хандлага ихээхэн боломжийг олгоно.

Бидэнд ямар сорилт тулгарах вэ?

Ажлаасаа хөндийрөх хүндрэлтэй байх болно

Ихэнх хүмүүсийн ажиллах шинэ байршил нь гэр болж хувирна. Тухтай газраас ажиллах нь нэг талаар хялбар ч, нөгөө талаар ажлаасаа хөндийрөхөд улам хэцүү болгож байна. Бид ажил дээрээ ажлаа боддог шигээ гэртээ ч бас ажлаа бодож, зүгээр амарч чадахаа байх эрсдэл бий. Гэхдээ энэ эрсдэл хувь хүний зохион байгуулалтаас ихээхэн хамаарах аж.

Ганцаардал

Зайнаас ажилладаг хүмүүс хамт олонгүйгээс болж ганцаарддаг. Хамтран ажиллагсадтайгаа онлайнаар харьцаж, уулзалтууд хийх боловч энэ нь жинхэнэ орчинг орлох боломжгүй аж. Тэд мөн ажлын хэв маягаасаа болж ганцаараа амьдарч, цөөхөн найз нөхөдтэй байдаг байна. Тиймээс энэ асуудлын гаргалгааг зөв шийдэхгүй бол даамжирч ажилчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд аюул учруулах магадлалтай.

САНАЛ БОЛГОХ: БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ 5 СОНГОДОГ АРГА

Unread

Сатаарал

Зайнаас ажиллана гэдэг бол маш том хариуцлага. Та ажлын бус орчинд анхаарлаа төвлөрүүлж, эргэн тойрныхоо бусад зүйлд сатаарахгүй байх хэрэгтэй. Таны анхаарал амархан сарнидаг бол гэртээ тусдаа ажлын өрөө гаргаж, бүтээмжийн олон аргуудаас суралцахыг зөвлөж байна.

Харилцаа холбоо

Таныг компанитай, үйлчлүүлэгчтэй холбож буй ганц зүйл бол харилцаа холбоо. Иймд та цагийн зөрүү, байршил үл харгалзан тэдэнтэйгээ үргэлж холбоотой байж ажлаа явуулах хэрэгтэй. Гэхдээ санаа зоволтгүй, одоо цагт таны ажлыг хөнгөвчилж, шууд холбоо тогтооход туслах маш олон арга хэрэгслүүд, програмууд гарсан байгааг туршиж үзээрэй.