2012 онд анх гарсан, “Тахал” хэмээх айдас төрүүлэм нэртэй энэхүү тоглоомын таталт сүүлийн үед коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор эрчтэй нэмэгдэж, дэлхийн олон оронд App Store-ийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.  Plague Inc нь вирус, бактер, шимэгч хорхой зэрэг 7  сурвалжаас төрөл бүрийн халдварт өвчин үүсгэн, улмаар хүн төрөлхтнийг мөхөөх туйлын зорилго бүхий “хэрцгий” гэмээр тоглоом. Гэхдээ тоглоом сонирхогчдод тун чиг зугаатай, нөгөө талаас өвчний үед сонор сэрэмж хэр их хэрэгтэйг сануулдаг тоглоом юм. Ингээд "Plague Inc"-д юу гардаг, яаж тоглодгийг сонирхоцгооё.

Хөгжилтэй баримт: Коронавирустэй холбоотойгоор Plague Inc-ийн хөгжүүлэгчдэд маш олон асуулт ирж байгаа бөгөөд тэд тоглоом дээр гарч буй үйл явдлуудаас бодит амьдрал дээр үлгэр жишээ авахгүй байхыг албан ёсоор зөвлөсөн байна.

www.ndemiccreations.com

ТОГЛООМЫН ТУХАЙ

Юуны өмнө стратеги, симуляцийн төрлийн тоглоомууд дундаа “Plague Inc” өндөрт жагсдагаас гадна 2012 оноос хойш л сайн үнэлгээтэй тоглоом байсаар ирснийг дурдах нь зүйтэй. Хөгжүүлэгчдийн зүгээс “тоглоомоо аль болох бодит ба мэдээллийн шинж чанартай” байлгахыг зорьсон бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудтай ч хамтарч байсан туршлагатай аж.

Тоглоомд цаанаас өгөгдсөн 7 төрлийн өвчин үүсгэгч (бактер, вирус, мөөгөнцөр, шимэгч хорхой, прион, нано-вирус, биологийн зэвсэг) байх ба хамгийн эхлээд та зөвхөн бактерийн гаралтай өвчин үүсгэх боломжтой. Үе давах болгонд шинэ өвчин үүсгэгч нээгдэх бөгөөд эцэст нь биологийн зэвсэг ашиглан хүн төрөлхтнийг энэ дэлхийгээс “арчих” даалгавартай тулдаг.



Аль нэг төрлийн өвчинг сонгосны дараагаар та дэлхийн аль нэг оронд өвчний голомтоо эхлүүлнэ. Ийнхүү тоглоом эхэлнэ. Энэ үеэс та цаг хугацаатай уралдан дэлхийн 7 тэрбум гаруй хүнд өвчнөө халдаан, үхлийн аюултай шинж тэмдэг, мутациудыг хөгжүүлэн хүн төрөлхтнийг мөхөөх замдаа гарна. Би хувьдаа голдуу халуун уур амьсгалтай Өмнөд Африк юм уу Саудын Араб зэрэг улсаас өвчнөө эхлүүлэн, энэ хоёр улсын онцлогт тохирсон мутацийг хөгжүүлэх стратегийг баримталж явсан. Амжилтаас тань шалтгаалж “ДНХ” оноо нэмэгдэх бөгөөд үүнийгээ ашиглан мутациудаа худалдан авдаг.



Хялбараас хүнд рүү шилжих 4 үетэй бөгөөд хялбар үе дээр гараа угаадаг нэг ч хүн байдаггүй, эмч нар ч огт ажлаа хийдэггүй. Харин хүнд үе дээр эмч нар тогтмол үзлэг хийж, судалгаа шинжилгээнд шамдах бөгөөд нүдээ аниад нээхийн хооронд л өвчний эм, вакцин бэлэн болсон байх нь бий.

Түүнчлэн амжилттай тоглох тусам таны өвчнийг улам боловсронгуй болгох шинэ генүүд нээгддэг. Усан замаар халдах эрсдэлийг нэмэх, эсвэл тоглоом дөнгөж эхлэхэд бонус ДНХ оноо авах гэх мэтээр үеүд хүндрэх үед давуу тал өгөх генийн сан үүсэх болно.



ямар давуу талтай вэ?

Тоглоом зөвхөн энэ долоон өвчин үүсгэгчээр хязгаарлагдахгүй бөгөөд шинэ содон өөр бусад зохиомжийг (scenario) ч санал болгодог. Хамгийн сүүлд гэхэд л хуурамч мэдээ газар аваад байгаатай холбогдуулан хуурамч мэдээг албаар цацан дэлгэрүүлж, дэлхий дахиныг “молигоддог” зохиомж гаргасан байна лээ. Хэрвээ танд энэ бүхэн хэтэрхий “хэрцгий” санагдаж байгаа бол аз жаргалын өвчин түгээдэг вирус ч байдаг гэдгийг дурдъя.

Гар утаснаас гадна компьютер, консолын хувилбартай бөгөөд эдгээр хувилбар дээр өөр тоглогчтой хамтрах буюу өрсөлдөн өвчнөө тараах хувилбар нэмэгддэгийн зэрэгцээ арай өргөн хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт хийх боломжтой аж. Сүүлд бас нээрээ хөлөгт тоглоом нь гарсан байсан. Хэрвээ хамт олноороо, найзуудтайгаа стратегийн тоглоом тоглодог бол сонирхоод үзэхэд тун гэмгүй санагдсан шүү.



ямар сул талтай вэ?

“Plague Inc” тоглоом нь багахан буюу 0.99$-ийн үнэтэй бөгөөд зомби, цус сорогч гэх мэт шинэ зохиомжуудыг нээхийн тулд тус бүр багцийн үнийг мөн төлөх шаардлагатай болдог.

Апп татах:

iOS

Android

Plague Inc.