Энэ удаагийн дугаартаа бид Монголын анхны сонирхогчийн бус 2D видео тоглоомын төсөл болох “Fragile”-ийг онцолж байна. “Fragile” буюу “Хэврэг” гэж орчуулж болох уг тоглоомд хүний наймааны хохирогч болж буй арван настай охины тухай өгүүлэх юм. Уг тоглоомын демо хувилбар дэлхийн видео тоглоомын хамгийн том платформ болох Steam-д байршсанаас хойш олон хүний сонирхлыг татаж, тоглогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд буй. Төслийг “Оннц дүмд” цуврал анимейшнийг гаргаж байсан Beer Night Studio хөгжүүлж байгаа аж. Ингээд “Beer Night Studio”-ийн үүсгэн байгуулагч О.Баярсайхан буюу реппер Rokit Bay, тус студийн туслах найруулагч Г.Анхныбаяр нартай ярилцсаныг хүлээн авна уу.

Нэр: Fragile

Чиглэл: Аймшгийн, адал явдалт тоглоом

Санаачлагч : Beer Night Studio

Санаачилсан : 2019 он

Холбоосууд: Fragile Game (фэйсбүүк), @fragile.game (инстаграм), Fragile (steam), Fragile (kickstarter)

Сэдэл

Энэ бол манай туслах найруулагч Анхныбаярын хоёр гурван жилийн өмнө бодсон санаа. Ерөнхийдөө байнга яригдаад байдаг боловч хүмүүсийн нэг их анхаарал хандуулахгүй байгаа сэдвийг барьж авч, олны анхааралд аваачихыг хүссэн юм. Насанд хүрсэн хүн тэр жаахан хүүхдийн биед орж, энэ бүхэн хүүхдэд ямар хүндээр тусаж байгааг, сэтгэл зүйд нь ямар өөрчлөлт оруулж буйг ойлгуулж мэдрүүлэх зорилготой. Ер нь манай студи хүнд сэдэв барьж авах сонирхолтой байдаг. Бид зүгээр нэг цус нөж харуулахаас илүү сэтгэл зүйд нөлөөлөхийг хичээдэг.

нэр

Эмзэг хэврэг. Хайрцаг дээр байдаг эвдэрч хэмхрэх аюултай гэх тэмдэглэгээ. Энэ нь хүүхдийн сэтгэл зүй ямар хэврэг эмзэг вэ гэдгийг илэрхийлж байгаа юм.

Хар дарсан зүүд шиг бодит байдлаас илүү аймшигт зүйл гэж үгүй.

Fragile game

ЯЛГАРАЛ

Зохиол: Хамгийн гол ялгарал бол бидний зохиол. Бид зүгээр л хооронд нь буудалцуулж, супер хүчээр тулалдуулахгүй. Энэ зохиолоор бид хүүхдийн сэтгэл зүй хэрхэн гэмтэж байгааг гаргах болно. Дүрийн сэтгэл зүй өөрчлөгдөхөд түүнийг дагаад орчин, дайснууд нь ч өөрөөр харагдана. Манай гол дүр өөрөө сул дорой жаахан охин. Мөн бид зохиолоо бүрэн ойлгомжтой байлгахын тулд дүр болгон дээр cutscene буюу жижиг зохиол оруулсан. Ийм тоглоом маш цөөхөн байдаг.

Зураглал: Бид Fragile-ийг 2D тоглоом хөгжүүлээд байдаггүй “Unreal Engine” гэх програм дээр хийсэн. Тиймдээ ч бусад 2D тоглоомуудыг бодвол модон биш, илүү нарийн ажиллаж сайжруулсан хөдөлгөөнтэй. Бас бид хүүхдийг ямар хэцүү нөхцөлд байгааг харуулахын тулд орчин дээр нэлээн ажилласан.

Дуу авиа: Бүх яриа, бичиг нь монгол хэл дээр байх болно. Энэ нь нэг талаараа гадаадын тоглогчдод сонирхолтой шинэ дуу авиа байх болов уу. Бүхнийг ойлгох шаардлагагүй шүү дээ. Хүсвэл англи, орос, хятад, солонгос, япон, франц, герман хэл дээр хадмал орчуулга харж болно. Мөн тоглоомын турш явах бүхий л аяыг Rokit Bay өөрөө хийсэн.

Баг

“Оннц дүмд”-ийг хийсэн багаараа ажиллаж байгаа. Одоогоор долуулаа.

ОДОО

Тоглоом маань эхний demo хувилбараар Steam дээр байршсан байгаа. Нийт 7000 гаруй хүн тоглосон байсан. Монгол, Солонгос, Америк зэрэг улсаас хамгийн их хандсан. Мөн бид санхүүжилт авахаар Kickstarter дээр төслөө танилцуулсан. Одоогийн байдлаар 2345 ам.доллар 49 хүнээс цугларсан байна. Манайд хөрөнгө оруулснаар өөрийн дүрийг мөнхлөх, нэрээ оруулах, логогоо тавиулах боломжтой.

Ирээдүй

Тоглоомын бүх зохиол ерөнхийдөө гарчихсан байгаа. Үүнээсээ дөнгөж эхний дөрвөн бүлгийг танилцуулсан. Цаашаа илүү олон бүлэг гарах болно. Эдгээрийн гүйцэтгэлийн ажлуудыг хийх ёстой. Ямартай ч бид Монголоос дэлхийд тоглоом гаргах гэж байна. Энэ төсөл амжилттай болбол чадварлаг хүүхдүүд ар араасаа шинэ зүйл сэдэх байх аа. Гол нь бидний төслөөс боломж байна гэдгийг харах байх.

эрсдэл

Инди тоглоомуудын 98 хувь нь санхүүжилтгүй байдаг гэж уншиж байсан юм байна. Steam дээр 40,000 тоглоом байгаа. Тэр дундаас онцгойрч гарч ирээд, түүгээрээ орлого олно гэдэг маш хэцүү. Гэсэн хэдий ч бид тоглоомдоо итгэлтэй байгаа. Ер нь санхүүгийн асуудал, ар гэрийн амьдрал орхигдох зэрэг нь бидний ажлын эрсдэлтэй тал юм даа.