Энэ удаа бид Монгол орны байгаль орчин, экосистемийг хамгаалах зорилго бүхий 18 байгууллагын нэгдэл болох "Ногоонбаатар 2021" төслийг онцолж байна. Энэ нэгдэл хог хаягдлын менежмент, сэргээгдэх эрчим хүч, ногоон байгууламж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх ажил хийдэг бөгөөд Улаанбаатар эдийн засгийн форум, Unplug 2019, Activated 2030 хөтөлбөрүүдэд хамтран ажиллаж байсан туршлагатай. Мөн тэднийг "Ид шидийн орон 2"-ийн "Шидэт төгөл"-ийн ландшафт төлөвлөлт, ногоон байгууламжыг хийсэн гэдгээр нь сайн мэдэх байх. Энэ жилийн хувьд тэд Playtime 2020 зэрэг хэд хэдэн томоохон фестивалийн төлөвлөлт дээр ажиллаж байгаа аж. Төслийн санаачлагч, Casa Arte-ийн үүсгэн байгуулагч Б.Шижирбаттай ярилцсанаа хүргэе.

Нэр: Ногоонбаатар 2021

Хаяг: HUB Innovation Center, 5 тоот

Чиглэл: Байгаль орчин, ногоон хөгжил

Үүсгэн байгуулагч: Б.Шижирбат

Үүсгэн байгуулагдсан: 2019 он

Холбоос: Casa Arte (Фэйсбүүк)

Үүсгэн байгуулагч Б.Шижирбат

сэдэл

Монгол орны хуурай газрын экосистемийг урт хугацаанд хамгаалах зорилгоор манай байгууллага бий болсон. Манайх шиг мал аж ахуй голлон эрхэлдэг орны хувьд экосистем доголдох л юм бол байгаль орчинд төдийгүй эдийн засагт хүндрэл үүснэ. Иймд бидний хамгийн түрүүнд анхаарах ёстой асуудал бол яах аргагүй хуурай газрын экосистем юм. Манай оронд хөрсний доройтол, цөлжилт, агаарын бохирдол гээд нэг нэгээсээ хамааралтай олон асуудал бий. Мэдээж хэрэг энэ нөхцөл байдлыг сайжруулахын тулд ихээхэн цаг хугацаа, олон хүний хүч хөдөлмөр хэрэгтэй. Иймд энэ асуудалд адилхан санаа зовниж байгаа бусад хүмүүс, байгууллагуудтай нэгдэн улс орныхоо гео экологийн асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулж, бүтээлч ажил бодитоор хийхийг эрмэлзэн Ногоонбаатарыг эхлүүлсэн юм.

ялгарал

Манай бусад төслүүдээс ялгарах хамгийн том онцлог бол урт хугацааных. Бид хамтарч буй компаниудтайгаа хамгийн багадаа гурван жилээр гэрээ хийдэг. Тэгээд тав, долоо гэх мэт илүү олон жилийн гэрээнүүд ч бий. Бид хот орчмын хөрсний доройтол, бохирдлыг бууруулах, олон нийтэд ногоон хөгжлийн ухаалаг шийдлүүдийг танилцуулах замаар урт хугацаандаа хуурай газрын экосистемийг хамгаалах ажилд хувь нэмрээ оруулах болно. Энэ нь зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй аймаг орон нутагт ч хэрэгжих болно.

Одоогийн байдлаар Монгол орны газар нутгийн 76.8 хувь нь хөрсний асуудалтай. Үүний 20 гаруй хувь нь нөхөн сэргээгдэхэд маш хэцүү болсон байгаа. Тиймээс бид жилээс жилд тэлж буй Монгол орны хөрсний доройтол, цөлжилтийг сааруулан ирээдүй хойчдоо тогтвортой газар нутгийг үлдээх гэж хичээнэ. Үүний тулд өөрсдийн үйл ажиллагаагаар иргэд, байгууллагуудыг уриалахаас гадна олон нийтийг байгаль орчин, экологийн мэдээллээр хангах болно. Мэдээж бас бид Тогтвортой хөгжлийн зорилтуудад анхаарч ажилладаг гэдгээ дурдах нь зүйтэй биз ээ.

НЭР

Ногоонбаатар гэх нэр нь энхийн цагт эх орныхоо ногоон хөгжлийн төлөө зүтгэж байгаа иргэн бүр баатар гэсэн утгатай. Илүү ухаалаг, илүү эрүүл, илүү олон Ногоонбаатарууд тогтвортой ирээдүйг үр хойчдоо үлдээгээсэй хэмээн энэ нэрийг өгсөн.

ногоонбаатар гэж юу вэ? (ТОВЧ ТОДОРХОЙЛОЛТ)

Ногоонбаатар бол Монгол орны экосистемийг хамгаалахаар урт хугацаанд бүтээлч шийдэл гарган ажиллаж буй залуусын нэгдэл юм.

одоо

Одоогийн байдлаар гурван ажил дээр төвлөрч байна. Эхнийх нь Олон Улсын Залуучуудын Ногоон наадам 2020-ийн Ногоон Форумын арга хэмжээ төлөвлөлт дээр ажиллаж байна. Уг арга хэмжээнд дэлхийн 195 орны 4000 орчим тамирчин оролцоно. Дараагийн ажил бол бид Playtime 2020-ийг тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн ногоон хөгжмийн наадам болгохоор зорин ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд Азийн хамгийн шилдэг ногоон эвентийг хийх зорилго тавиад байгаа. Мөн 2021 оны 6 дугаар сарын 11-нд зохион байгуулагдах Ногоонбаатар хүлээн авалтын арга хэмжээний төлөвлөлт дээр ажиллаж байна. Бид эдгээр бүх арга хэмжээнд сэргээгдэх эрчим хүч, ногоон байгууламж, хог хаягдлын менежмент, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээ, хүнсний аюулгүй байдлын үйлчилгээг нэвтрүүлэх болно.

баг

Манай баг тогтвортой хөгжлийн 17 зорилготой үйл ажиллагаа нийцүүлж ажилладаг 18 байгууллагаас бүрддэг. Бид хог хаягдлын ангилал, боловсруулалт, тээвэрлэлт, сэргээгдэх эрчим хүч, ногоон байгуулалт болон цэцэрлэгжүүлэлт, байгальд ээлтэй бүтээгдэхүүн/үйлчилгээ гэх үндсэн зургаан чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Гишүүн байгууллагуудаа дурдвал: Casa Arte, Ойм, Green Marketing Mongolia, Ecomn, Green Solar Energy Mongolia, Lhamour, Kh Mongolia, Дулаан эрчим, Plastic center, Creative 100, Geru, Observe Consulting, HUB Innovation center, Өнгө нэм, Зөвхөн түүнд, Лантуу бүлгэм

Ойм – Dream Green Service-ээс гаргаж буй брэнд. Ногоон байгууламж, тэр дундаа доторх ургамлан тохижилт үйлчилгээнд анхаардаг.

Ecomn – Zero Waste амьдралын хэв маягт анхаардаг хүмүүсийн дунд сайн танигдсан. Энэ жилийн Playtime-д ирэх бүх залуучууд нэг удаагийн хэрэгслээс татгалзаж, хог тарихгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Тиймээс эднийхээс хулсан таваг, халбага сэрээ, усны сав гээд хоолны хэрэгслийг эко байдлаар шийднэ.

Green Solar Energy Mongolia – Энэ бол сэргээгдэх эрчим хүчний компани. Ногоон эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхэд иргэдийн ухамсарт оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг.

Lhamour, Geru, Зөвхөн түүнд – Тэд эко бүтээгдэхүүн/үйлчилгээ хэсэгт ажиллах болно. Хэдийнээ танил болсон учир дэлгэрэнгүй танилцуулах нь илүүц болов уу.

Kh Mongolia – Модоор тавилга хийдэг компани. Энэ жилийн Playtime дээр модон 00 хийж байгаа.

Plastic center - Хаягдал зөөлөн гялгар уутыг дахин боловсруулан нүхэн жорлонгийн доторлогоо, бохирын танк, хашаа хайс, сандал зэрэг хөрсний бохирдолд зэрэг 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Creative 100 – Энэ бол дизайнер, архитектор зэрэг өөр өөр чиглэлийн 100 залуу уран бүтээлчийн нэгдэл. Тэд маань Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ашиглагдахгүй байгаа буюу орхигдсон талбайг өөрсдийн хөрөнгөөр тохижуулах ажил хийдэг.

Observe Consulting – Манай бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээний стандарт, аюулгүй байдалд анхаарч ажилладаг.

Өнгө нэм – Энэ бол Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны хог хаягдлын менежментийн төсөл. Төсөл нь аж ахуй нэгж байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

ирээдүй

Манай алсын хараа бол эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг, бүтээлч дадал хэвшилтэй, ухаалаг орчин цагийн залуусыг ирээдүйд бэлтгэхэд хувь нэмрээ оруулан, тогтвортой ирээдүйг дараагийн үеийнхэндээ өвлүүлэн үлдээх.

Бид 2056 он хүртэл үргэлжлэх Шамбала гээд урт хугацааны төсөл төлөвлөсөн байгаа. Зорилго нь цөлжилтийг аялал жуулчлалаар сааруулах. Төсөл Дорноговь аймагт нийт 400 орчим га газрыг хамран хэрэгжих болно. Энд жилийн дундаж хүйтэн нь ердөө -15 градус байдаг. Тиймээс энд гадаах спортуудыг 4-р сараас 11-р сар хүртэл тоглох боломжтой гэсэн үг. Иймд өвлийн аялал жуулчлал өргөн дэлгэр хөгжих боломжтой гэж хэлж болно. Жуулчид очсон ихэнх газрын байгаль сүйддэг бол бид эсрэгээрээ цөлжсөн газрыг жуулчдын ачаар сэргээх болно. Бидний мэргэжил зүгээр мод тарих бус түүнийг арчлахын төлөө байдаг. Гаднаас төсөл аваад олон мод тарьж болно. Гэхдээ ганц хоёр жилийн дараа арчлах төсөвгүй болж үргүй ажил болох нь их. Тиймээс байнгын арчилгаа усалгаатай байлгахын тулд үүнийг бизнестэй холбож урт хугацаанд үр дүнтэй ажиллах хэрэгтэй байгаа юм. Энэ төслийн төлөвлөлт дээр бид өнгөрсөн жилээс эхэлж суусан. Бас манай төслөөс санаа аван олон газар үүнтэй адил төслүүдийг үүсгээсэй гэж хүсэж байна.

ЭРСДЭЛ

Байгаль орчин, экологийн салбарт хүнээс шалтгаалахгүй олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Хамгийн том бэрхшээл гэвэл байгалийн давтагдашгүй аюул юм. Одоо дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа энэ өвчин ч, Австралийн түймэр ч нэг жишээ нь. Эдгээр шиг том биш ч гэсэн олон давагдашгүй хүчин зүйлтэй тулгарч болно. Үүнийг дагаад олон янзын эрсдэл, алдагдал гардаг.

Дараагийн бэрхшээл бол манай салбар ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүч чадал шаарддаг. Ийм ч учраас урт хугацааны ачаалал даах тэвчээртэй, хүлээцтэй хүмүүсийн ажил гэж хэлж болно. Үр суулгаад хүлээх, дахиад үр жимсээ өгтөл нь арчлах гээд олон зүйл бий. Өнөө маргаашийн хоолны төлөө явж байгаа хүмүүс энэ салбарт ажиллахад хэцүү байх.

Санал болгох онцлох бизнесүүд:

Зөвхөн түүнд - Цорын ганц бэлгийг дотны хүндээ

Lhamour брэнд - Эмэгтэйчүүдийн төгс хэрэглээ

Гэрү - Аз жаргалтай хором бүрийн эхлэл

Unread