Финтек буюу технологид суурилсан санхүүгийн салбарын ээлжит шинэлэг бүтээгдэхүүн болон зах зээлд мэндлээд удаагүй байгаа дотоодын шинэхэн бизнесийг бид энэ удаа танилцуулахаар бэлтгэлээ. Мэдээлэл технологийн хэмээх тодотголтой 21 дүгээр зууны чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж яваа бичил санхүүгийн салбарын манлайлагчдын нэг Инвескор компани Pocket аппликейшнээрээ дамжуулан хэрэглэгчдэд олон шинэ боломжийг олгохоор ажиллаж буй. 

Нэр: Pocket (“Инвескор Хэтэвч ББСБ” ХХК)
Хаяг: Twin Tower 1, 15 давхарт
Чиглэл: Цахим зээл болон цахим төлбөр тооцооны цогц платформ
Үүсгэн байгуулагч: “Инвескор ББСБ" ХК
Үүсгэн байгуулагдсан: 2019 он
Холбоосууд: www.pocket.mn (Вэб), Pocket app - Покет апп (Фэйсбүүк)

Гүйцэтгэх захирал Д.Оролмаа

сэдэл

Бичил санхүүгийн зах зээлд 2016 оноос амжилттай ажиллан салбартаа тэргүүлэгч болоод буй “Инвескор” Санхүүгийн группийн удирдах ажилтнууд хэрэглэгчдэд үзүүлж буй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн сонирхолтой, зардал багатай, бүтээмж өндөртэй, амар хялбараар хүргэж болох талаар онцгой анхаарсаар ирсэн юм. Улмаар бид группийн алсын хараа болох үйл ажиллагаагаа олон улсад тэлэх, ирээдүйн чиг хандлагатай уялдаж ажиллах бодлогын хүрээнд санхүү, технологийг хослуулсан финтек салбарт бүтээгдэхүүн хөгжүүлэхээр шийдэж 2018 онд суурь судалгааны ажлаа эхлүүлсэн нь Pocket аппликейшний эхлэл болсон юм. 2019 оноос технологийн компанитайгаа хамтран аппликейшнээ хөгжүүлэхийн хамтаар шаардагдах тусгай зөвшөөрлүүдээ албан ёсоор авснаар энэ оны нэгдүгээр сараас хэрэглэгчдэд хүргэж эхлээд байна.

ялгарал

Аппликейшнээ хөгжүүлж эхлэхдээ л хэрэглэгчдэд хүргэх үнэ цэнээ түлхүү бодож хөгжүүлэлтээ хийсэн.

Нэгдүгээрт, хэрэглэгчдийнхээ санхүүгийн сахилга батыг төлөвшүүлье, урамшуулья гэж зорьсон. Санхүүгийн сахилга баттай, идэвхтэй хэрэглэгчдэдээ бид ирээдүйд хамгийн бага хүүтэй, бага шимтгэлтэй мөртлөө хамгийн их дүнтэй зээл авах боломжийг олгох юм. Зээлээ хугацаанд нь төлснөөр бонус оноо цуглуулж, зэрэглэл ахиснаар зээлийн хэмжээ, шимтгэлээ бууруулахаас гадна гэнэтийн бэлгүүд ч хүлээж байгаа.

Хоёрдугаарт, бид залууст итгэе, итгэл хүлээлгэе гэдэг бодлого барьж байгаа. Ингэхдээ тухайн иргэний хурууны хээ болон бусад баталгаажсан мэдээлэлд үндэслэн кредит скоринг оноог хиймэл оюунаар тооцоолон шийдэж, бусад апп-уудаас илүү өндөр зээлийн эрх тогтоож өгдөг.

Гуравдугаарт, бид “Батлан даалттай зээл” гэдэг цоо шинэ функцийг аппликейшндээ бий болгосон. Дээр хэлсэнчлэн залуусыг дэмжих бодлогынхоо хүрээнд оюутан залуус аав ээжээсээ зүгээр нэг мөнгө авах, эсвэл найз нөхөд хоорондоо зүгээр нэг мөнгө зээлдүүлэх биш, эргэн төлөх амлалттайгаар хариуцлагаа хамт үүрдэг тогтолцоог бий болгохоор энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн.

Дөрөвдүгээрт, зээлийн эхний түвшний хүү, шимтгэл нь зах зээл дээрх дундаж хэмжээнээс харьцангуй багаар эхэлж байна. Хэрвээ тухайн хэрэглэгч цаашдаа харилцагчийн зэрэглэлээрээ хамгийн дээд түвшинд хүрвэл зээлийн шимтгэл, хүү нь нэг хувь хүртэл буурах юм. Энэ нь банкны кредит картаас бага хувь гэсэн үг. Мөн зээлийн хэмжээ 10 сая төгрөг хүртэл буюу барьцаагүй зээлийн үйлчилгээний хувьд хамгийн их хэмжээтэй гэдгээрээ онцлог.

Pocket гэж юу вэ?

Цахим зээл, цахим төлбөр тооцооны цогц үйлчилгээ бүхий хиймэл оюун ухааны технологид суурилсан аппликейшн.

нэр

Бид маркетинг, стратеги тал дээрээ “Bat Solution Partners”-тай хамтран ажилласан. Нэрийн хувьд маш олон сонголт дундаас ярилцаж Pocket гэдэг нэрийг өгсөн. “Халаас”-ндаа авч явдаг бүхий л зүйлсийг нэг апп-д багтааж, өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээнүүдийг нэг л платформоос авч, цомхон хэрэглээгээр өндөр бүтээмжтэй байгаарай гэдэг утгыг илэрхийлнэ. Яг энэ агуулгатайгаа уялдуулан үйлчилгээгээ өргөжүүлээд явж байна даа.

Одоо

Бид өнгөрсөн хугацаанд бүхий л суурь систем, програмуудаа бэлэн болгож, дуудлагын болон үйлчилгээний төвүүдээ ашиглалтад орууллаа. Одоо цахим зээл болон батлан даалттай зээлийн үйлчилгээгээ олон нийтэд хүргэж идэвхжүүлэх, хэрэглэгчдийн цар хүрээгээ нэмэгдүүлэх ажлууд дээр төвлөрч байна. Мөн хөдөө орон нутгийн хэрэглэгчдэдээ илүү ойртох, цахим төлбөр тооцооны цар хүрээгээ өргөжүүлж, хаана ч аль ч дэлгүүрт Pocket-оор төлбөр тооцоогоо хийдэг болгохоор зорьж байна.

Цаашид улирал тутам аппликейшн дээрээ шинэ функцүүд нэмж, хэрэглэгчдэдээ шинэлэг боломжуудыг хүргэхэд анхааран ажиллаж байгаа.

Мөн бид ижил төрлийн бизнесүүдийг өрсөлдөгч гэхээс илүүтэй хамтдаа нэг зорилгын төлөө ажиллаж буй хамтрагчид гэж харж байгаа тул хамтын ажиллагаагаа аль болох өргөн цар хүрээтэй хийж, хэрэглэгчдэд илүү ашигтай, хялбар боломжуудыг санал болгохыг эрхэмлэдэг.

Хэрэглэгчийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдал талаасаа ISO27001:2013, PCI DSS стандартуудад суурилан системээ боловсруулсан. Нэвтрүүлэлтийн болон систем, сүлжээний сайжруулалтыг хийхдээ SISA олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Баг

Багийн хувьд Инвескор Хэтэвч компанийн чадварлаг залуу баг бүрэлдэхүүнээс гадна мэдээллийн технологи талаасаа Инвескор Санхүүгийн Группийн бас нэгэн охин компани болох Инвескор AI Lab компанийн мэргэшсэн туршлагатай хамт олон нэгдэн ажилладаг. Pocket-ийг санаа байхаас нь эхлүүлээд бодит биеллээ олох энэ үе хүртэл хөгжүүлээд ажиллаж байгаа болохоор аппликейшнээ яг л хүүхэд шигээ бодож, хоёргүй сэтгэлээр бүх л цагаа зориулж байна. Тиймээс Pocket нь ажилтан бүрийн өөрийн бүтээл гэсэн сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн гэж ойлгож болно.
Ажиллах зарчмын хувьд Инвескорын “Зөв” гэдэг үндсэн зарчим бий. Зөв санхүүжилт, зөв бүтээгдэхүүн үйлчилгээ, зөв ур чадвар, зөв засаглал, зөв хөрөнгө оруулалт, зөв үйлчилгээний стандарт. Энэ зарчмаа л баримталж ажилладаг.

Харин үйл ажиллагаа өргөжиж, бүтээгдэхүүн үйлчилгээ маань олон хүнд хүрэхийн хэрээр програм, үйлчилгээ, маркетинг гээд салбар салбарын мэргэшсэн нэмэлт боловсон хүчин хэрэгтэй болж байгаа тул сонирхсон хэн бүхэнд нээлттэй байхыг хичээж байгаа.

ирээдүй

Бидний алсын хараа бол Монголын бичил санхүүгийн зах зээлд тэргүүлэгч финтек технологи болохоос гадна цаашлаад Төв Азийн орнуудын зах зээлд тэргүүлэгч болж, дэлхийн зах зээлд өрсөлдөх зорилготой ажиллаж байна. Энэ хүрээнд судалгаа, програм хөгжүүлэлтийн ажлуудаа ч эхлүүлээд явж байна.

эрсдэл

Санхүүгийн салбар нь үргэлж эрсдэлтэй нүүр тулгарч байдаг хөдөлгөөнтэй салбар. Тулгарч болзошгүй эрсдэлүүдийн дийлэнх хувь нь бидний хэрэглэгчдээ татах чадвар, бас хэрэглэгчдийн маань санхүүгийн сахилга бат ямар хэмжээнд байхаас шалтгаална. Итгэлцэл дээр тогтдог бизнес болохоор ийм байх нь ч аргагүй байх.

Бид үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа учраас алхам тутамдаа шинэ сорилтуудтай тулгарч түүнээсээ сургамж аван технологио улам сайжруулахад шамддаг. Энэ бол зүй ёсны хэрэг.