Ахмадууд, эрдэмтэд маань залуу үеийнхэндээ "Цагаан сар, Наадам зэрэг баярууд нь Монгол бол өөрийн гэсэн баялаг түүх, уламжлалтай, тусгаар үндэстэн гэдгийг илтгэн харуулдаг, үндэсний дархлааны амь тариа юм шүү" хэмээн аминчлан захидаг. Залуучуудын хувьд жил бүрийн цагаан сараар элдүүрчин, "DJ", "хоккейчин" хийж явсаар ард нь гардаг ч энэ удаа харьцангуй ачаалал багатай, чөлөөт цаг ихтэй өнгөрөөхөөр болж байна. Тэгвэл олдож буй энэ цагийг өвөг дээдсийнхээ өвлүүлж өгсөн өв уламжлалтай илүү сайн танилцах, үндэсний соёлоосоо суралцах завшаан хэмээн хараасай гэж сурч мэдвэл зохих, туршиж үзүүштэй зүйлсийг бид санал болгоё гэж бодсон юм.

1. уламжлалт наадгай: Алаг мэлхий өрөх

Уламжлалыг шингээсэн тоглоом, тоглоомын зүйлс бол тухайн улс үндэстний санах ой, зан араншин, хүмүүжил суртахуун, аж амьдралыг тодорхойлох мэдээллийн томоохон эх сурвалж билээ. Тэр дундаа шагайн наадгай нь хүүхдийн нүдний харааг сайжруулах, гарын жижиг булчинг хөгжүүлэх, ажигч гярхай, дэг жаягтай болоход нөлөөлдөг зэрэг олон давуу талтай.

Цагаан сараар ээж аав, үр хүүхдүүдтэйгээ долоодой тоглож, шагай няслаж, 32 цагаан лонх тоолж, дайралцаан хийж, оньс эвлүүлж, түргэн хэллэг хэлж уралдвал мартагдашгүй сайхан дурсамж болохоос гадна багачууд, хүүхдүүддээ улс үндэстнийхээ соёлыг ойлгуулах сайхан завшаан болохгүй гэж үү? Тэр дундаа битүүний өдөр тоглодог "Алаг мэлхий өрөх" тоглоомыг бид онцгойлон санал болгож байна.

2. ГЭР БҮЛЭЭРЭЭ УРГИЙН БИЧИГ ХӨТлөХ

Цагаан сараар аав ээж, эмээ өвөө маань "Яагаав, нөгөө манай тэрний тэр шүү дээ" гэдэг дээ. Тийм үед танилцан золговч баяр өнгөрөхөөр л эргээд мартчих нь элбэг. Угтаа цагаан сарын нэг зорилго нь ураг төрлөө мэдэлцэж, ойртож дотносох шүү. Танилтай бол талын чинээ гэгчээр цөөн хамаатан саднаа сайн мэддэг байх нь их хэрэг болдог. Түүнчлэн цус ойртох гэх мэт эрсдэлээс ч хамгаална.

Тиймд "манай тэрний тэр" гэдэг асуудалд орохгүйн тулд, удам судраа сайн мэдэж авахын тулд гэр бүлийнхээ хамтаар ургийн бичиг хөтөлж, наанадаж өөрөөс дээш 3-5 үеэ мэддэг болохыг уриалж байна. Хаанаас эхлэх, хэрхэн хийх арга эвээ олохгүй бол уг вэбсайт руу хандаад үзээрэй.

3. оёж, урлаж сурья: ЗҮҮ ОРООХ хатгамал

Монголчууд бид эрт дээр үеэсээ л хувцас эдлэлийн арвин соёлтой ард түмэн. Өдгөө ч үндэсний хувцасны загвар хийц улам баялаг, бүтээлч болон хөгжсөөр буй. Хуучин цагт цагаан сарыг угтан айлын гэрийн эзэгтэй гэр бүлийнхэндээ зориулан шинэ дээл урлан, өмсгөдөг уламжлалтай байсан бол өнөө цагийн суурьшмал соёлд уг уламжлалыг үргэлжлүүлэн явах нь зарим талаар хүндрэлтэй болсон нь нууц биш.

Нэгэнт бид баярын амралтанд багтааж дээл эсгэж, оёхыг сурч амжихгүй тул уламжлалт оёдол хатгамлуудаас нэгийг сонгоод, сурвал ямар вэ?. Хонин холбоо, цоолбор, шивүүр, зээг даруулах, загасан нуруу гэх мэт үндэсний олон төрлийн оёдол хатгамал дундаас даалингийн хээг оёх "Зүү ороох" хатгамлыг энэ удаад онцольё. Дээл хувцсыг чадахгүй ч, даалин чимээд сурчихвал ямар хэрэгтэй байхав? тийм ээ хө...

4. гал тогоондоо бүтээлч байя: идээгээ засаж сурья

Цагаан сарын хамгийн чухал бөгөөд таатай хэсэг нь хоол гэдэгтэй хүн бүр санал нэгдэх болов уу. Завсар өгөхгүй дайралт хийх хүнд хоолыг шингээж, сэтгэл баясгах салатуудыг сэтгэл байвал өвсөөр ч амттай хийх боломж өнөө цагт "ээврийвээр" болсон. Гарын дорх материалуудаа ашиглаад хэрхэн бүтээлч тогооч болохыг үлгэрлэсэн контентууд гадаад, дотоодын аль ч хэл дээр элбэг бий. Шинэ жор туршихад энэ жилийн цагаан сар яг тохирно.

Мөн тавгийн идээгээ засах ёсыг ч сураад аваарай.

5. АРДЫН урлагтайгаа илүү дотно танилцъя

"Secret" номын бүх цувралын турш тайлбарласан үндсэн агуулгыг "Амны бэлгээс Ашдын бэлгэ" гэдэг ердөө дөрөвхөн үгэнд багтаасан Монгол ардын зүйр үг бий. Ийм философитой ардын дуу, ерөөл магтаалуудаар үндэсний маань урын сан баялаг.

Тэгээд ч ардын дуу бидний боддог шиг хуучинсаг, уйтгартай бус, шинэлэг, хөгжилтэй хэв маяг бүхий найруулгаар гардаг болсон цаг шүү дээ. Жишээ нь "Цагаан сар" хэмээх алдартай уг дууг залуус хэрхэн орчин үеийн хэв шинжтэй болгосныг сонирхоод нэг үзээрэй.

6. Ахмадуудаасаа суралцъя

Эмээгийн авдарт их юм бий... Эмээ, өвөө, ээж, ааваараа цагаан сарын тухай түүх домог яриулбал ирээдүйд хэрэгтэй олон зүйлийн учир жанцанг олж мэдэх нь гарцаагүй. Ёс болохоор л дөхүүлж хийдэг байсан зүйлсээ дараа жилээс илүү утга учиртай, ойлголт мэдлэгтэйгээр хийдэг болоорой.
Цагаан сарын уламжлалаас эхэлсэн яриа хаа хүртэл үргэлжлэхийг хэн мэдлээ. Эрээн цоохор ёсыг мэргэн цоохор болгох их аянд нь амжилт хүсье.

Монгол хүн та хэдэн арванд цөөн олдох чөлөөт цаг харьцангүй ихтэй энэ жилийн цагаан сарыг хэрхэн өнгөрүүлэх гэж байна даа?

Гэртээ хийж сурах олон юм байна даа... харин та энэ жагсаалтад юу нэммээр байна? Төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?