Хаврын урь орж, дулааны улирал эхэллээ. Энэ үед хүн бүрийн сэтгэл гадаах агаарын хэмийг даган хайлж, өөдрөг гэгэлгэн болдгийг бид өөр хоорондоо “Хаврын синдром” хэмээн хөгжилдөн ярьдаг билээ. Хавар, зуны улирал ирэхээр хүйтэн цагийн хүндрэлтэй асуудлууд оргүй алга болдог мэт нийслэлчүүдийн мартаж орхидог сэдэв бол агаарын бохирдол. Нүдэнд харагдах утаа униар багассан ч тоосжилт, тоосонцор байсаар л байдаг. Иймд бид мартаж боломгүй энэ сэдвийг анхааруулан захья хэмээн ээлжит нийтлэлээрээ орчны эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн хамгийн эмзэг хэсэг болох агаарын бохирдол жирэмсэн эх, нялхас, бага насны хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Агаарын бохирдлын тухай цуврал нийтлэлээрээ бид РМ2.5 тоосонцрын хор хөнөөлийг уншигчдадаа байнга сануулж, хэрхэн сэргийлэх, яаж хэмжих зэрэг мэдээллүүдийг хүргэж ирсэн билээ.

АГААРЫН БОХИРДОЛ ЖИРЭМСЭН ЭХЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ? 


1. Тархи, мэдрэлийн тогтолцоо

Агаарын бохирдол нь хүн, амьтны тархины мэдрэлийн эсийн хөгжилд хордуулах нөлөө үзүүлдэгийг олон судалгаа баталдаг. Жишээ нь: Мехико хотод оршин суудаг, агаарын бохирдолд өндөр тунгаар өртсөн хүүхэд болон нохойнд MRI шинжилгээ хийж үзэхэд тархины урд гадаргууд нь бүтцийн гэмтэл үүссэн байжээ. Жирэмсэн үедээ эсвэл төрсний дараах нярай үедээ тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдолд өртөх нь тархины анхаарал, ой санамжийг хариуцдаг хэсэг болох тархины урд гадаргуу, завсрын тархинд үрэвслийн хариу урвалыг бий болгож, нярайд танин мэдэхүйн хоцрогдол их бага хэмжээгээр үүсгэх эрсдэлтэй болох нь тогтоогдсон байна.

Хариу арга хэмжээ: Антиоксидант хэрэглэх

2. Дотоод эрхтний өвчлөл

Агаарт буй PM2.5 тоосонцрын хэмжээ 50 мкг/м3-аар буурахад зүрхний ишемийн өвчин (ЗИӨ), амьсгалын доод замын цочмог халдвар (АДЗЦХ), уушгины архаг бөглөрөлт өвчний (УАБӨ) тархалт мөн ижил хэмжээгээр багасдагийг доорх графикт үзүүлэв.
Уг графикийг өрхийн агаарын бохирдлын интервенцийн хэрэгсэл, хоол хийх интервенцийн эрүүл мэндийн үр ашиг ба өртөгийн хэмнэлт гэсэн үнэлгээнүүдийг ашиглан тооцдог байна.

3. УРГИЙН ХӨГЖИЛ

Жирэмсэн эх агаарын бохирдолд өртөх нь ураг амьгүй төрөх, дутуу төрөх, нярай жин багатай болох, ургийн хөгжил хоцрогдох зэрэг өндөр эрсдэлийг дагуулдаг. Сүүлийн үед хийгдсэн системчилсэн үнэлгээгээр нарийн ширхэгт тоосонцор нь дутуу төрөлт, жин багатай нярай, ургийн хөгжлийн хоцрогдолт зэрэгтэй холбоотой болохыг нотлоод байна. Түүнчлэн чихрийн шижингийн урьдал үе оноштой жирэмсэн эмэгтэйчүүд PМ2.5 тоосонцорт өртөхөд дутуу төрөх эрсдэл нь 10.6 хувь болох буюу чихрийн шижингүй эхчүүдтэй харьцуулахад 3.8 хувиар илүү өндөр болдог. Үүнтэй адил жирэмсний хүндрэлтэй эхчүүд PМ2.5 тоосонцорт бохирдолд өртөхөд эрүүл эхчүүдтэй харьцуулбал дутуу төрөх магадлал 3.6 хувиар өсөж, 8.3 хувьд хүрч байжээ.

БНХАУ-д хийгдсэн кохорт судалгаагаар PМ2.5 тоосонцрын хэмжээ 5 мкг/м3 нэмэгдэхэд дутуу төрөлт 3 хувиар өсөж байсан нь одоогийн Улаанбаатар хотын нөхцөл байдалтай адил байгаа юм.

Мөн агаарын бохирдол нь үргүйдэл, эндометрийн үрэвсэлд хамааралтай болохыг нотолжээ. Улаанбаатар хоттой ижил хэмжээний нүүрснээс үүдэлтэй утаатай Хятад улсад агаарын бохирдлоос үүдэн төрөлхийн зүрхний гажигийн тохиолдлууд зонхилон илэрч байсныг судалсан олон судалгааг хийсэн байна.

4. Амьсгалын эрхтэн тогтолцоо, уушги

Хүүхдийн уушгины өсөлт бүрэн хөгжиж гүйцээгүй үед бага хэмжээний агаарын бохирдолд өртөхөд л бие организм нь маш эмзэг хүлээж авдаг бөгөөд тэр чинээгээр уушгины үйл ажиллагаа нь доголддог. ДЭМБ-аас саяхан олны хүртээл болгон гаргасан "Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд: Цэвэр агаарыг жороор олгох нь" тайланд гадаад орчны болон дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь хүүхдийн уушгины үйл ажиллагааг сайжруулж, улмаар эдгээр нөлөөллийг багасгадаг талаарх баримт, нотолгоонуудын талаар дурьдсан байдаг. Хүүхдийн уушгины үйл ажиллагааны алдагдал нь уушгины багтраа, уушгины архаг бөглөрөлт өвчин зэрэг архаг өвчлөл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг ба жирэмсэн үеийн өртөлт нь насанд хүрсний дараа зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэлийг бий болгодог.

Амьсгалын замын архаг нөлөө нь биед бага багаар хуримтлагддаг бөгөөд ихэнх тохиолдолд эргэшгүй өөрчлөлтийг бий болгодог. Гэвч зарим өөрчлөлт, тухайлбал, жирэмслэлтийн зарим сөрөг үр дагавар, насанд хүрэгчдийн уушгины цочмог үрэвсэл, өндөр настны зүрхний шигдээс, амьсгалын доод замын хурц халдвар зэрэг нь улирлын шинж чанартай тохиолдож байгаа нь агаарын бохирдлыг бууруулснаар нийгмийн эрүүл мэндийн байдал эрс сайжрах боломжтойг харуулж байна.

ХААНААС ЭХЛЭХ ВЭ? 

түүхий нүүрсНээс татгалзах

Агаарт ялгаруулж буй хорт бодисын хэмжээ, хүний эрүүл мэндэд учруулах хохирлын хэмжээ, хэрэглээний зохистой байдал, дэлхийн чиг хандлага зэрэг олон үзүүлэлт, статистикуудаас дүгнэвэл бидний хамгийн түрүүнд хийх алхам бол түүхий буюу боловсруулаагүй түлшнээс татгалзах явдал болж байна. Бид бүгд л хэрэглээндээ цэвэр түлшийг хэрэглэх нь зүйтэйг ойлгодог ч, хамгийн чухал зүйл болох эхний ээлжинд хүмүүсийн хувьд дадал болсон түүхий нүүрсний хэрэглээг хэрхэн өөрчлөх, цэвэр түлшинд хэдий хэмжээний зардал гарах, хэрэглэж хэвштэл хэр их хугацаа шаардлагатай эсэхийг тодорхойлох явдал юм.

САЙН ЖИШЭЭ:

  • Канад, Онтарио муж: 2003 онд нүүрсээр ажилладаг бүх цахилгаан эрчим хүчийг хэрэглээнээс халж эхэлсэн ба 2014 онд энэ ажил бүрэн дуусчээ.
  • Хятад улс: 15 жилийн хугацаанд, сайжруулсан зуухны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 1998 он гэхэд нийт зорилтот бүлгийн 80 хувийг хамарсан 185 сая сайжруулсан зуухыг суурилуулсан бөгөөд энэ ажлын дийлэнхийг 1991–1998 онуудад хийсэн байна.
  • Индонез улс: 2007-2009 онд шингэрүүлсэн шатдаг хийн зуухны тоо 3 саяас 43.3 сая болон өсөж, Индонезийн нийт 65 сая өрхийн гуравны хоёрыг буюу 42 сая орчим өрхийг гуравхан жилийн дотор хамруулжээ.
  • Бразил улс: 1981 онд хэрэгжиж эхэлснээс зургаан жилийн хугацаанд зах зээл дээр зарагдаж байсан бүх шинэ тээврийн хэрэгслийн 90 хувийг этилийн спиртэн түлшээр ажилладаг болгожээ.
  • Кувейт улс: Газрын тосноос цахилгаан эрчим хүчний хэрэглээнд,
  • Нидерланд улс: Байгалийн хийн хэрэглээнд,
  • Франц улс: Цөмийн эрчим хүчний хэрэглээнд бүрэн шилжихэд арваад жилийг тус тус зарцуулжээ.
  • БНСУ: 1986 онд Өмнөд Солонгост нүүрснээс шингэн түлшний хэрэглээнд шилжих хөдөлгөөн өрнөж эхэлсэн ба 1986-1995 оны хооронд нийт ес гаруй жилийн хугацаа зарцуулсан нь өнөөгийн Монгол улсын нөхцөл байдалтай тун адилхан байгаа юм.

САНАЛ БОЛГОХ:

1. Видео: Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?
2. Зөвлөмж: Утаанаас хүүхдүүдээ хамгаалах арга хэрэгслүүд
3. Зөвлөмж: Агаарын бохирдлын нөлөөллийг олон нийтэд таниулах нь
4. Зөвлөмж: Агаарын бохирдолд өртөлтийг бууруулахын тулд авбал зохих арга хэмжээнүүд
5. Зөвлөмж: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх нь

Unread & НҮБ-ын Хүүхдийн Сан