НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран бэлтгэж буй цуврал контентын ээлжит дугаартаа агаарын бохирдлоос хэрхэн гэр бүлээ болон хүүхдүүдээ хамгаалах талаар хэрэгцээтэй мэдээллийг бэлтгэлээ. Утаа хэмээх уршигт аюулыг мэдсээр, ярьсаар байдаг ч эрүүл мэндэд чимээгүй, алгуураар хохирол учруулдаг болохоор ч тэр үү дорвитой сайн хамгаалах тал дээр хойрго байдаг хандлага иргэдийн дунд бий. Эрүүл байна гэдэг зөвхөн хувь хүний асуудал бус гэр бүлийнхээ өмнө хүлээдэг том хариуцлага болохоор бүгдээрээ дор бүрнээ хичээе хэмээн уриалаад зөвлөгөө нийтлэлээ хүргэе.

Агаарын бохирдлыг хэрхэн хэмждэг вэ?

Агаарыг хүхэрлэг хий (SO2), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), азотын давхар исэл (NO2) гэх мэт олон төрлийн бодис бохирдуулдгийн дотроос хамгийн хортой нь РМ хэмээх бодис юм. Байгалийн болон хүний үйл ажиллагааны явцад үүссэн, өөр бусад хийн бохирдуулагчид хоорондоо нэгдэн хувирч, агаарт тархсан тоосонцрыг РМ гэж нэрлэдэг. Дотор нь том ширхэглэгт тоосонцор буюу РМ10, нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ2.5 гэж хуваах бөгөөд 10, 2.5 зэрэг тоо нь тоосонцрын хэмжээг илтгэнэ. РМ10 нь агаарт дэгдэмхий байдлаар оршиж, амьсгалын замаар хүний биед нэвтэрч өвчлөл үүсгэдэг бол РМ2.5 нь агаарт урт хугацаанд орших чадвартайгаас гадна их хэмжээний хорт бодисыг өөртөө агуулж байдаг.

2019 оны 12 сарын байдлаар гэхэд Улаанбаатар хотын агаарт буй PM2.5 тоосонцор нь хүлцэх хэмжээ буюу байж болох хэмжээнээс даруй 5-6 дахин их байгаа гэсэн судалгаа байна. Тэр дундаа 1 дүгээр хороолол, Зурагт, Баянхошуу орчимд агаарын бохирдлын хэмжээ их байгаа тул энэ хэсэгт амьдарч, ажиллаж буй эцэг эхчүүд, хүүхдүүд эрүүл мэнддээ онцгой анхаарууштай.

Агаарын бохирдол ихтэй орчинд өсөж торниж буй хүүхдэд тулгарах эрсдэл 

Хөл хүнд бүсгүйчүүдийн дунд хийсэн судалгаанаас харахад нарийн ширхэглэгт тоосонцор бүхий орчинд амьдрах нь чихрийн шижингийн урьдал үе хэмээх оноштой эмэгтэйчүүдийн дутуу төрөх эрсдэлийг чихрийн шижингүй эхчүүдтэй харьцуулахад 3.8 хувиар их буюу 10.6 хувь болгож байжээ. Нөгөө талд жирэмсний хүндрэлтэй эхчүүдийн дутуу төрөх магадлал эрүүл эхчүүдийнхтэй харьцуулахад 3.6 хувиар их буюу 8.3 хувь байна.

Түүнчлэн Озон, PM2.5-ын бохирдолд архаг байдлаар өртсөн хүүхэд харшлын гаралтай мэдрэлийн үрэвсэл, мэдрэлийн судасны гэмтэлтэй болох магадлал нэмэгдэхээс гадна мэдрэлийн болон нягт холбоосын уургийн эсрэг бие үүссэнээр ирээдүйд Алцгеймер буюу зөнөгрөлөөр өвчлөх эрсдэлтэй гээд тоочоод байвал ард нь гарахад бэрх олон сөрөг дагавар бий.

Агаарын бохирдлоос өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ? 

1. Агаарын бохирдлын талаар ойлголттой болох, агаарын чанарыг тогтмол хэмжих

Бид аливаа төлөвлөгөө, тайланг гаргахдаа үр дүнгээ аль болох тоогоор илэрхийлэхийг хичээдэг. Учир нь хэмжиж чадсанаар түүнийг төлөвлөх, удирдах, хянах боломж илүү их болж ирнэ. Иймд агаарын бохирдлоос өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд эхлээд бохирдлыг зөв хэмжиж, мэдээлдэг программ, аппликейшнуудыг татаж аван агаарын чанарын тухай мэдээлэлтэй танилцаж, ойлгодог болох хэрэгтэй. Эсвэл PM2.5 тоосонцор хэмжих төхөөрөмж худалдан авч ч болох юм. Хамгийн гол нь авч буй мэдээллээ ашиглан бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дорвитой авдаг байх нь чухал.

2. Агаарын бохирдол ихтэй үед гадагш гарахгүй байх

Бохирдол ихтэй үед цонхны хүрээ, хаалганы зай завсар зэргийг битүүмжилж тоосонцорт агаар барилгад орж ирэх урсгалыг багасгаж, бохирдол багатай үед гэрийн агаар сэлгэлтийг сайн хийх хэрэгтэй. Судалгаанаас харахад агаарын бохирдлын агууламж хамгийн бага үе нь ихэвчлэн үдээс хойш байдаг бөгөөд агааржуулалтыг энэ үед хийх нь илүү үр дүнтэй.

Агаарын бохирдол ихтэй намрын 10 сараас эхлэн хаврын 3 сар хүртэл гадагш гарахдаа чанартай, зориулалтын амны хаалт зүүж хэвших нь өөрийн эрүүл мэндэд оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Одоогийн байдлаар АНУ, Европын холбооноос баталгаажуулсан хүүхдэд зориулсан маск манай зах зээлд байхгүй тул аль болох шүүлтүүр сайтай маск сонгохыг зөвлөе. Худалдаанд буй бүтээгдэхүүнүүд дундаас хамгаалах чадвар хамгийн сайн амны хаалтууд дээр P99, N99, FFP3 болон P95, N95, FFP2 гэсэн тэмдэглэгээ бий. Мөн агаарын бохирдлоос хамгаалахад ороолт үр дүнгүй гэдгийг тодотгоё.

3. Агаар шүүгч хэрэглэх

Зах зээлд борлуулагдаж буй агаар шүүгчид үзүүлэлт, хэрэгцээнээсээ шалтгаалаад харилцан адилгүй үр дүнтэй. Эрэлт хэрэгцээг дагаж бий болсон хуурмаг бүтээгдэхүүнүүд олон байдаг тул ХЕПА шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгчийг сонгох нь зүйтэй.

Ингэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эсэх, техникийн үзүүлэлтүүд, тухайн агаар шүүгчийн хүчин чадал байрлах өрөөнийхөө эзлэхүүнтэй тохирч байгаа эсэхийг шалган, авсан тохиолдолд зааврын дагуу шүүлтүүрийг байнга сольж байх хэрэгтэй. Үүнээс гадна зөвхөн агаар шүүгчдээ найдалгүй цонхондоо ч давхар шүүлтүүр тавиулбал илүү үр дүнтэй юм. Ажлын шаардлагаар өдрийн багагүй хугацааг замд өнгөрүүлдэг бол машиндаа ч мөн адил ХЕПА шүүлтүүр суурилуулаарай.

Хэрвээ та бэлэн төхөөрөмж худалдан авах боломжгүй бол хямд өртгөөр сэлбэгүүд аваад өөрөө ч угсраад хэрэглэж болно. (Шүүлтүүрээ сэнсний хайрцагны урд талд суурилуулна.)

ХЕПА шүүлтүүрийн тухай: Энэ төрлийн шүүгч нь РМ2.5 тоосонцрыг шүүх чадвартай өндөр үр ашиг бүхий төхөөрөмж юм. ХЕПА агаар шүүгч нь Хятад, АНУ зэрэг томоохон гүрнүүдэд хийгдсэн олон удаагийн туршилт, судалгаагаар харшил, уушгины багтраа, хэт мэдрэгшил, амьсгалын доод зам, зүрх судас гэх мэт олон өвчлөлүүдээс хэрэглэгчдээ үр дүнтэй хамгаалдаг нь нотлогдсон юм. Агаар шүүгчийн үр дүнтэй байдлыг 1-20 хүртэлх оноогоор үнэлдэг олон улсын стандартаар ХЭПА агаар шүүгч 17-20 гэсэн үнэлгээг авдаг. Хамгийн гол нь агаар шүүгчийн ашигт ажиллагаа нь агаарын бохирдлоос шалтгаалан хэрэглэж эхэлснээс хойших 5 сарын дараа 50 хувьд хүртлээ буурах боломжтой байдаг тул зөв хэрэглэж, арчилгаа цэвэрлээ хийж, шүүлтүүрийг тогтмол сольж занших нь чухал.

4. Хоол тэжээл

Шим тэжээллэг, илчлэг сайтай хоол хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж заншсанаар агаарын бохирдлын сөрөг нөлөөг зохицуулах, бууруулах боломжтой. Судалгаанаас харахад дугуйн спортын тамирчдад антиоксидант C, E витаминыг хэрэглүүлэхэд хүчилсэн амьсгалын нийт багтаамжид үзүүлэх озоны цочмог нөлөөллөөс тодорхой хэмжээнд хамгаалж байжээ.

Агаарын бохирдлоос хамгаалахын тулд бид хоол хүнсээрээ дамжуулан С, А витаминуудыг аньс, нэрс, хад, чацаргана, цангис, мойл зэрэг зэрлэг жимсээс, Е витаминыг бууцай, цэцэгт байцаа, буйлс, газрын болон ойн самар, наран цэцгийн үрээс, Омега 3-ыг загас, навчит ногоонууд зэргээс тус тус авах боломжтой.

Харин хүүхдийг хамгийн багадаа эхний зургаан сар хүртэлх хугацаанд зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллосноор шаардлагатай шим тэжээлийг хангалттай өгөх боломжтой ба энэ нь агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг хамгийн үр дүнтэй, шилдэг арга юм.

5. Дархлаажуулалт

Өөр нэг чухал хамгаалалт бол хүүхдээ хэрэгцээт вакцинд тухай бүрд хамруулах. Уушгины хатгалгаанаас сэргийлэх вакцин (ПЭВ-13) болон улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулж байгаарай. УХВ13-аар дархлаажуулах нь урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргуудын нэг юм.

Энэ мэтчилэн та бид агаарын бохирдлоос сэргийлэх цөөнгүй аргыг туршиж судлан, амьдралдаа үр дүнтэйгээр хэрэгжүүлж чадвал тэр л бидний ирээдүйдээ оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт болох юм.