Жил бүр 4.3 орчим сая хүн агаарын бохирдлоос гаралтай зүрх, уушгины дутагдалд орж, хавдар болон амьсгалын замын хурц хэлбэрийн өвчлөлийн улмаас нас бардаг гэсэн тооцоо бий. Тэдгээрийн 90 хувийг эрхтэн тогтолцоо нь бүрэн гүйцэд боловсроогүй, дархлаа тогтож амжаагүй бага насныхан болон ахмад настнууд дангаар эзэлж байна. Иймд бид агаарын бохирдлын сөрөг нөлөө, хор уршиг, хамгаалах арга хэрэгслүүдийн тухай олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхэд онцгой шаардлагатай байгаа юм. НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарсан агаарын бохирдлын нөлөөллийн талаарх цуврал нийтлэлийнхээ ээлжит дугаарт бид олон нийтийн мэдлэг мэдээллийг хэрхэн нэмэгдүүлэх тухай түлхүү хөндлөө.

Агаарын бохирдлын тухай мэдлэг, мэдээлэлтэй байх нь ямар ач холбогдолтой вэ? 

ДЭМБ-аас 2007-2017 оны хооронд агаарын бохирдолтой холбоотой өвчлөлүүдийн тухай судалгаа хийхэд Монгол Улсын хувьд нас баралтын тэргүүлэх 7 шалтгааны 3 нь агаарын бохирдолтой холбоотой хэмээн гарсан байна. Энэ нь нэг талаас манай улсын суурин бүсүүдийн агаарын бохирдлын түвшин өндөр байгааг харуулж байгаа ч нөгөө талаас иргэд, олон нийт “Улаанбаатарын агаар тун их бохирдолтой, энэ нь бидэнд муу” гэдэг бүдүүн баараг ойлголтоос хэтрэхгүй байгаатай холбоотой.
Жилд хэдэн арваараа өрнөх хандивын аян, сошиал орчинд өрнөх сэтгэл шимшрэм түүхүүдийг та өдөр тутам ямар нэг байдлаар хүлээн авч байгаа байх. Эдгээр харамсалтай жишээ, кейсүүд хүрээлэн буй орчны эрүүл ахуй, эрүүл мэндийн салбарын тогтолцооноос гадна биднийг эрүүл мэнд, амьдарч буй орчныхоо бохирдол, түүний үр нөлөөний талаар бодитой мэдлэгтэй болох хэрэгтэйг сануулж буй. Иймд хувь хүн, албан байгууллагууд хариуцлагатай байх үүргээ ухамсарлан олон нийтэд агаарын бохирдлын тухай мэдлэг мэдээлэл олгох ажилд хувь нэмрээ оруулах нь зүйтэй юм.
Тэгвэл бид юунаас эхлэх хэрэгтэй вэ?

Нийгмийн институцууд юу хийж чадах вэ?

1. Хамтын ажиллагаа

Агаарын бохирдлын талаар албан байгууллагуудын хийж чадах хамгийн том ажил бол төр, олон улсын байгууллага, сайн дурынхны хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж хамтран ажиллах явдал юм. Бохирдуулагч эх үүсвэрүүдээс шалтгаалсан байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэх талаар явуулж байгаа төрийн бодлого, шийдвэрийг дэмжиж ажиллах нь хамрах хүрээний хувьд урт хугацаандаа хамгийн үр ашигтай үйлдэл юм.

2. Байгальд ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэх

Нэгдүгээрт байгальд ээлтэй үйл ажиллагаа гэдэг нь хүмүүсийн боддогоос хавь илүү энгийн зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өдөр тутамд гэвэл оффисоо битүүмжлэл сайтай, дулааны алдагдалгүй болгож, хэсэгчилсэн дулаан хангамжийг шийдэх нь байгальд ээлтэй байгууллага болох энгийн эхлэл. Албан байгууллагынхаа ойр орчмыг тохижуулан мод тарьж, ногоон байгууламж бий болгосноор бусдыг энэ чиглэлд уриалан дуудах томоохон алхам болох юм. Байнгын үйл ажиллагаандаа стандартын шаардлага хангасан уурын зуух, халаах хэрэгсэл ашиглаж, хийн түлш, сэргээгдэх эрчим хүч зэргийг нэвтрүүлэн, аль болох хий, цахилгаанаар ажилладаг “Euro IV” стандартад нийцсэн тээврийн хэрэгсэл ашиглаж, түүнд тохирсон эко түлш хэрэглэж занших нь урт хугацааны бодит шийдэл билээ.

Цаашлаад үйл ажиллагаагаа өргөжүүлэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгальд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, олон нийтийн аян, хөдөлгөөн зохион байгуулах нь цаг үеэ мэдэрсэн, олон нийтэд үр өгөөжтэй үйл ажиллагаа болохын зэрэгцээ байгууллагын нэр хүндэд ч тустай хэрэг болно.

3. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах 

Ганцаараа бол хурдан явах ч олуулаа бол хол явна гэдэг үг бий. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, аяныг зохион байгуулахад тухайн байгууллага ганцаараа зүтгээд амжилт олоход бэрх. Иймд нийгэмдээ үнэ цэн үүсгэхийн хамтаар байгууллагынхаа гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлээд авъя хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах нь зүйтэй. Энэ хамтын ажиллагаанаас танилын хүрээгээ тэлэх, нийгмийн сэтгэл зүйг ойлгох, сошиал медиагаа үр дүнтэй хөтлөх, медиа ажлын онцлог, ажлын арга барил зэрэг олон зүйлийг сурна гэдэгт эргэлзэхгүй байна.
Ажлыг сайн хийнэ гэдэг нэг хэрэг, түүнийгээ хүнд хүртээмжтэй, зөвөөр хүргэнэ гэдэг өөр хэрэг юм шүү.

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс юу хийх хэрэгтэй вэ? (Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд)

НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгааны багийнхан мэргэжлийн байгууллагуудтай хийсэн ярилцлага, ажиглалтад үндэслэн дараах дүгнэлт, зөвлөмжийг боловсруулжээ.

1. Мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан иргэд, олон нийтэд агаарын бохирдлын сөрөг нөлөөний талаар цогц контентыг хүргэх

Амаржих газар, нэгдсэн эмнэлгүүдийн эх, хүүхдийн тасгийн хүлээлгийн хэсэгт агаарын бохирдол ба эрүүл мэндийн талаар богино хэмжээний шторк, мэдээллийг гаргах зурагт, дэлгэц байрлуулж агаарын бохирдлын тухай мэдээлэл олгох хэрэгцээ шаардлага өндөр байна. Ингэхдээ өвчтөн, үйлчлүүлэгчдэд ойлгомжтой, энгийн хэллэг бүхий зураг, инфографикууд ашиглах нь илүү хүртээмжтэй байснаас гадна энэ чиглэлийн тогтмол контент бүтээгчдийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь ажиглагдсан. Хамгийн гол нь тэдгээр материал, мэдээллийг агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд явуулаад өнгөрөх бус жилийн турш мэдээлж, мэдлэг түгээж байх нь чухал билээ.

2. Эрүүл мэндийн ажилтнуудыг мэдлэг, мэдээллээр тогтмол хангах

Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдэд зориулсан үнэн зөв, бодитой эх сурвалжид тулгуурласан, агаарын бохирдол ба эрүүл мэнд, хувь хүн өөрийгөө өртөлтөөс хэрхэн сэргийлэх талаарх мэдээлэл, сургалт семинар дутагдалтай байгаа нь ажиглагджээ. Иймд эмч мэргэжилтэн, албан хаагчдад зориулсан мэргэжлийн сургалтуудыг явуулах шаардлагатай гэж үзжээ.

3. Иргэдэд ойлголт, мэдээлэл өгөхдөө үнэн зөв эх сурвалжтай эсэхийг нягтлах

Эрүүл Мэндийн Яамны Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах ажлын хэсэг (Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв) нь эрүүл мэндийн мэдээллийг баталгаажуулах үүрэгтэй ч бодит байдал дээр зарим эрүүл мэндийн байгууллагууд эмийн санд талбай түрээслүүлж, тэдгээр нь нотлогдоогүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж иргэдийг төөрөгдүүлж байсан хэд хэдэн удаагийн тохиолдол гарчээ. Ялангуяа агаарын бохирдлын эсрэг үйлчилгээтэй эсэх нь албан ёсоор батлагдаагүй “Хүчилтөрөгчийн коктейль”-ийг Улаанбаатар хотуудад “Утааны эсрэг дархлаажуулалт” хэмээн сурталчилж байгаа нь үүний тод жишээ юм.

АНУ-ын хувьд эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнүүдийг Улсын эм, эмийн бүтээгдэхүүний зөвлөлөөс зөвхөн нотолгоонд суурилсан мэдээлэлд тулгуурлан баталгаажуулж, худалдаанд сурталчлах эрхийг олгодог. Хүчилтөрөгчийн коктейль нь эмийн бодис биш боловч олон нийтийг эрүүл мэндийн ашиг тус нь тодорхой бус, батлагдаагүй бүтээгдэхүүн хэрэглэн эдийн засаг, бусад байдлаар хохирохоос хамгаалах нь зүйтэй юм.

Агаарын бохирдлын талаарх мэдээллийг ойлгохын тулд зайлшгүй мэдэх ёстой зүйлс

Агаарын чанарын индексийг уншихуй:
Цэвэр 0-50: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй
Хэвийн 51-100: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай .
Бага хэмжээний бохирдолтой 101-200: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой 201-300: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой 301-400: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж болно.
Маш их бохирдолтой 400-ээс дээш: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Тоосонцрын агууламж 10 дугаар сараас эхлэн дараа оны 4 дүгээр сар хүртэл хүлцэх буюу хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү байдаг нь сүүлийн арваад жилийн дундаж үзүүлэлтээс харагддаг. Эдгээр саруудад PM2.5 тоосонцрын дундаж агууламж нь Монгол Улсын стандартаар хүлээн зөвшөөрөгдөх агууламжаас 1.4-5.7 дахин их, хамгийн их хэмжээ нь 1 дүгээр сард 12.4 дахин их байгаа нь ДЭМБ-ын зөвлөмжөөс хоёр дахин их байгаа юм.

Улаанбаатар хотын иргэд жилийн 12 сарын долоон сард нь хүлцэх хэмжээнээс хэд дахин их бохирдолтой агаараар амьсгалдаг тул иргэд, албан байгууллагуудыг иргэний болон нийгмийн үүргээ ухамсарлан дор бүрнээ агаарын бохирдлоос сэргийлэх, агаарын бохирдлын тухай олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллахыг уриалъя.

Өмнөх нийтлэлүүдийг унших бол:
1. Видео: Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?
2. Зөвлөмж: Утаанаас хүүхдүүдээ хамгаалах арга хэрэгслүүд