Шинэ долоо хоногийн мэнд. Өнөөдрийн тойм ердөө 1060 үгээс бүрдэнэ. Танд уншиж дуусахад 3.5 минут л хангалттай. Дуртай дуугаа тавиад уншиж эхлээрэй :)

1 гол сэдэв

Активист хөрөнгө оруулагч Elliott Management 1 тэрбум орчим доллараар Твиттерийн 5 хувийг худалдан авчээ.

Тэгээд?

Гол нь тэд компанийн CEO болон үүсгэн байгуулагч Ж.Дорсиг солихыг хүсэж байна. Өмнө нь eBay, AT&T-д "засаглалын эргэлт" хийж чадсан Elliott-ийн босс, алдарт хөрөнгө оруулагч П.Сингер Ж.Дорсиг гол бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон инновацлаг-шинэ санаа, нэмэлт дээр төвлөрдөггүй, ажилдаа бүрэн анхаарахгүй байгаа учир борлуулалт, орлогын үзүүлэлт хангалттай сайжрахгүй байна хэмээн үзэж байгаа гэнэ.

Үнэхээр тийм гэж үү?

Дорси бол Цахиурын хөндийн жирийн нэгэн CEO биш. Тэр Twitter-ээс гадна юникорн финтек Square-ийг давхар удирддаг. Нэг ёсондоо бүтэн цагийн 2 ажилтай, тэрбумаас дээш үнэлгээтэй 2 компанийг зэрэг удирдаж байна гэсэн үг. Твиттерийн борлуулалтын орлого өмнөх улиралд анх удаа 3 тэрбумыг давсан ч хэзээ ч шинжээчдийн хүлээлтэд хүрч байгаагүй хэлж болно. 2015 оноос хойш Твиттерийн хувьцааны үнэлгээ 6.2 хувиар буурсан байхад Фэйсбүүкийнх 121 хувиар нэмэгдсэнийг л дурдахад хангалттай. Мөн TikTok-ийн богино видеоны тэсрэлтээс өмнө ийм санааны анхдагч Vine-ийг "үхүүлчихсэн" нь олон хүнийг гайхуулсан. Ядаж байхад Дорси 2020 онд дор хаяж 6 сарыг Африкт ажиллаж өнгөрүүлнэ хэмээн жиргэсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болов.

Твиттерээр өөр сонин юутай байна?

Дорси өөрийгөө хамгаалсаар буй. Тэр Африкт ажиллах төлөвлөгөөгөө эргэн харна хэмээн мэдэгдсэн. Мөн сурталчилгааны алгоритмоо төгс рүү дөхөж байгааг сануулав. Үүнээс гадна тэд сошиал платформуудын гол өсөлтийн зэвсэг болоод буй стори форматыг ч нэвтрүүлж, 24 цагийн дараа устдаг Fleets нэртэй нэмэлтийг туршиж эхлээд байгаа нь сонирхолтой. Snapchat-аас эхэлж, Instagram, Messenger-т амжилттай "хуулбарлагдсан" энэ нэмэлт нь илүү амьд харилцаа үүсгэнэ гэж найдаж байгаагаа Твиттер мэдэгджээ.

2 чухал тоо

0 - Дэлхийн хамгийн баян улсуудын нэг Люксембург нийтийн тээврээ бүрэн үнэгүй болгосон анхны улс боллоо. Энэ төслийн хүрээнд засгийн газар жил бүр 562 сая долларыг зарцуулна гэнэ. 600 мянган хүн амтай тус улсад гурван хүн тутамд 2 машин оногддог бөгөөд сүүлийн үед хотын төвөөрх түгжрээ эрс нэмэгдсэн нь уг шийдвэрт нөлөөлжээ.


84 - Бизнесийн ертөнцийн домогт гүйцэтгэх захирлуудын нэг Жэк Уэлч 84 насандаа таалал төгслөө. General Electric-ийг удирдсан 20 жилийн хугацаанд зах зээлийн үнэлгээг нь 14 тэрбумаас 410 тэрбум болтол нь нэмэгдүүлж чадсан түүний менежментийн арга барил, философи нь орчин цагийн CEO нарын гарын авлага, үлгэр дууриал болсоор ирсэн юм.

3 онцлох зүйл

Цуцашгүй: NASA Ангараг гарагийг зорих судалгааны хөлгөө "Perseverance" хэмээн нэрлэснээ зарлалаа. 2020 оны 7-р сард эх дэлхийгээ орхиж, 2021 оны 2-р сард улаан нүдэн гараг дээр газардах уг хөлөг тус гарагийн өнгөрсөн, одоо, ирээдүйн амьдрах орчны бүрэн судалгааг хийх учиртай. Нэр өгөх уралдааныг АНУ-ын дунд сургуулийн сурагчдын дунд явуулсан бөгөөд нийт 28 мянган оролцогчоос Виржиниагийн дунд сургуулийн сурагчийн уг санал ялалт байгуулсан аж. Энэ төслийн нийт төсөв 2.5 тэрбум доллар гэнэ.


Мятаршгүй: Ирэх 11-р сард явагдах АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах сунгаанд 2 нэр дэвшигч тунан үлдлээ. Эд бол урьдчилан таамаглаж байсанчлан экс дэд ерөнхийлөгч Ж.Байден, 2016 оны сунгааны аман хүзүү Б.Сандерс нар. Нийт 15 мужийн 1617 төлөөлөгчийн саналын төлөөх "Супер Мягмар Гараг"-ийн тулаанд, хожигдож явсан Байден гайхалтайгаар "дайралт" хийж, 11 мужид ялалт байгуулснаар гол фаворит болж хувирав. Харин Сандерс хамгийн чухалд тооцогдож байсан Калифорнид тэргүүлжээ. 500 сая долларыг кампанит ажилдаа зарцуулаад байсан М.Блүүмберг Америкийн Самаод л ялалт байгуулсан нь хангалттай байсангүй, сунгааг орхиж байгаагаа зарлалаа. Мөн Айовад ялалт байгуулсан өөр нэг экс мэйор П.Буттижег, сенатор Э.Варрен, Э.Клобушар нар ч мягмар гарагийн дараа нэрээ татжээ. Блүүмберг, Буттижег, Клобушар нар Байденыг дэмжихээ илэрхийлээд байгаа аж.


Сааршгүй: Хятадаас гаралтай коронавирусын тархалт дэлхийг нөмөрч, 104 оронд 105 мянга илүү тохиолдол илрээд байна. Хэдий 3500 эндэгдлийн дийлэнх нь Хятадад бүртгэгдээд байгаа ч сүүлийн үеийн статистик мэдээгээр өсөлтийн хурд нь эрс удааширсан нь итгэл төрүүлж буй. Гэхдээ Итали, Иран, БНСУ зэрэг улсуудад тархалт эрчимтэй нэмэгдсээр байгаа юм. Италид сүүлийн 24 цагт өвчлөлт 25 хувиар нэмэгдэн, нийт нас баралт 366-д хүрч, улмаар 16 сая иргэд бүхий хойд мужуудыг бүрэн хорионд оруулж, хол хорио тогтоосон нь Европт хийгдсэн хамгийн дорвитой алхам болов. АНУ-д нийт өвчлөлийн тохиолдол 500 давсан нь, мөн шат шатандаа хангалттай бэлтгэлтэй байж чадаагүй нь Трампын засаглалын гол шүүмжлэлийн бай болох төлөвтэй. Японы ерөнхий сайд А.Шинзо орон даяар сургууль, цэцэрлэгүүдийг тодорхой хугацаанд хаах санал гаргасан нь нөхцөл байдал ямар байгааг илтгэнэ. Франц улс 6-р сарыг хүртэл 5000-аас дээш оролцогчтой арга хэмжээг бүрэн хориглосон нь 5-р сарын дундуур явагдах хуваарьтай Канны Фестивалийн ирээдүйг бүрхэг болгож орхив. Америкийн хөгжим, кино, медиагийн гол наадам SXSW цуцлагдаж, Facebook, Google зэрэг гигантуудын топ цугларалтууд хойшилж буй нь эдийн засаг, нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж буйн илрэл болж байна.

4 мэдүүштэй баримт

Амьсгалдаггүй биет: Америкийн эрдэмтэд хүчилтөрөгчгүйгээр амьдарч чаддаг биетийг анх удаа илрүүлснээ зарлалаа. H. salminicola нь яргай загасанд шимэгчилж амьдардаг организм бөгөөд уг нээлт нь амьд амьтны тухай тодорхойлолтонд нөлөөлөхүйц ач холбогдолтой хэмээн шинжээчид үнэлжээ.

Шилдэг дизайн: Архитекторын салбарын Нобелийн шагнал гэгдэх Pritzker Prize-ийн ялагчаар Ирландын И.Фаррел болон Ш.МкНамара нар тодорлоо. Тэд Бокконигийн их сургуулийн барилгын төслөөрөө энэ жилийн шилдгээр тодорчээ. 2010 оноос хойш анх удаа 2 ялагчтай болсон уг наадмын ялагчийн шагнал 100 мянган доллар байдаг.

Крипто хууль: БНСУ-ын парламент өөрийн нутаг дэвсгэр дээрх криптовалюттай холбоотой асуудлуудыг зохицуулах хуулийн төслийг албан ёсоор баталлаа. Ингэснээр сүүлийн жилүүдэд тренд болоод буй крипто технологийн санхүүгийн системд нийцүүлэх, мөнгө угаах, залилан мэхлэлтээс сэргийлэх боломжийг олгож байгаа юм.

Оригами утас: Хятадын технологийн компани TCL гурав нугарч эвхэгддэг ухаалаг утасны концепт танилцууллаа. Бүрэн дэлгэгдсэн үедээ 10 инчийн дэлгэцтэй болдог нь стандарт iPad-аас ч том гэсэн үг. Мөн дэлгэц тус бүрээ тусад нь ашиглаж болдгоороо бусад нумардаг утаснуудаас ялгарахуйц болжээ.


5 сонин хачин

1. HBO 2013 онд анх гарсан даруйдаа супер хит болж, видео тоглоомын ертөнцийн бүх шагналыг хүртсэн "Last of Us"-ийг цуврал кино болгоно гэнэ. Киноны бүтээгчээр Chernobyl-ийг амилуулсан К.Мазин ажиллаж байгаа гэнэ.

2. Disney/Pixar-ийн хамтын бүтээл "Onward" нээлтийн долоо хоногтоо 40 сая долларын орлого олж, бокс оффисийг тэргүүллээ. Гэхдээ энэ нь Pixar-ийн стандартын хувьд тун "даруухан" амжилт болж байна. Өмнө нь "Good Dinosaur", "A Bug's Life" л тэднээс сул амжилт үзүүлж байжээ.

3. Дэлхийн топ автомашин үйлдвэрлэгчдийн нэг BMW логогоо шинэчиллээ. Тэд 103 жилийн түүхэнд анх удаа транспарент буюу машины өнгөнөөс хамааран хүрээ нь тодорхойлогддог байхаар зохиомжилсон байна. Шинэ логог 2021 онд худалдаанд гарах BMW i4 загварыг танилцуулах үед ил болгожээ.

4. Мэргэжлийн сумогийн 3-р сарын башё үзэгчгүйгээр явагдах болсныг зохион байгуулагчид зарлалаа. Коронавирусын тархалтын улмаас түүхэнд анх удаа хаалттай тэмцээн явагдах болж байгаа нь энэ. Уг шийдвэрийн улмаас тасалбар борлуулалт, ивээн тэтгэлгийн 10 сая долларын хохирол холбоонд учирч байгаа гэнэ. Сонирхуулахад, 1946 оноос хойш 2 удаа л башё цуцлагдаж байжээ.

5. Твиттерээс гадна ажил мэргэжлийн хамгийн том сошиал сүлжээ Linkedin ч сторитой болох гэж байгаа гэнэ. Тэд Snapchat, Instagram-тай адил илүү карьер, бүтээмж, ажлын байр луу чиглэсэн сториг апп, веб дээр байрлуулах туршилтыг хийж байгаа аж. Одоогоор хэзээ энэ нэмэлт нийтийн хүртээл болох нь тодорхойгүй байна.

10 унших мэдээ

Ойлгох: Шарапова их спортоо орхисон нь /Vanity Fair/

Мэдэх: Саудын Араб хааны гэр бүлийн гишүүдээ баривчлав /CNN/

Төлөвлөх: Quibi-ийн бүх кино, контентууд /Variety/

Анхаарах: ОХУ, Турк Сирид энхийн хэлэлцээр зарлав /AP/

Татгалзах: HP 35 тэрбумын саналыг голов /Bloomberg/

Төсөөлөх: Феминизмын ирээдүй /Vox/

Хүлээх: Бондын шинэ кино 11-р сар хүртэл хойшлов /Screenrant/

Зовних: Олимп хойшлох уу? /BBC/

Зайлсхийх: Технологийн компаниуд зайнаас ажиллана /BI/

Гайхах: Оригинал Нинтендо консол 360 к үнэд хүрэв /Verge/