1000 хүн бүрт 239 машин ноогддог хотод замын түгжрээнд уягдсаар байгаад нэг мэдэхэд өдөр өнгөрчихсөн байх нь бий. 2017 оны судалгаагаар нийслэлийн замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог буюу хоёроос дээш цаг зарцуулдаг хүмүүсийн 80 орчим хувь нь өдөрт дор хаяж нэг цагийг замын түгжрээнд өнгөрүүлдэг дүн гарчээ. Дунджаар та бид өдөрт нэг цагийг түгжрээнд зарцуулдаг гэж тооцвол нэг жилд 15 өдрийг машиндаа зүгээр сууж өнгөрүүлдэг байх нь. Тэгэхээр ийм их цагийг дэмий үрж байхаар ядаж хэрэгтэй зүйл сонсож явбал бухимдах нь арай бага шүү дээ. Өнөөдөр бид хотын түгжрээг хохирол багатай туулахад туслах аудио ном, подкаст сонсох аппуудыг танилцуулья.
1. AUDIBLE

Аудио номын аппууд дундаа хамгийн сайн танигдсан, олон төрлийн tools буюу хэрэгслүүдтэй Audible-ийг мэдэхгүй хүн ховор байх. Сонсох хурдаа өөрөө тохируулж болдог, сонсож байсан газраа тэмдэглээд орхидог гээд апп бүрт байдаг энгийн хэрнээ чухал үйлдлүүдтэйгээс гадна 150,000 гаруй номын сан бүрдүүлсэн, Kindle аккоунттайгаа холбож болдгоороо давуу талтай. Уг апп-ийг татсанаар та Kindle-дээ авсан цахим ном дээрээ бага хэмжээний төлбөр нэмээд аудиогоор нь сонсох боломжтой болно гэсэн үг юм.
Татах: iOS, Android
2. BOUND
Утасны багтаамж нь байсхийгээд л дүүрчихдэг, татсан олон ном, дуугаа хаанаа багтаахаа мэдэхээ больсон ч нэмж татаад л байдаг хүмүүст зориулсан апп. Google drive, Dropbox гээд хүссэн Drive-тайгаа аппаа холбоод номоо сонсох боломжтой. Утсанд их зай эзлэхгүй, .mp3, .mp4, .aac гээд олон төрлийн өргөтгөлтэй файлууд таньдгаас гадна унших хурд тохируулах, сонсож байсан хэсгээ тэмдэглэх зэрэг ерөнхий тохиргоотой. Гэхдээ энэ апп-ийг заавал ямар нэгэн Drive-тай холбож байж хэрэглэдэг учраас интернэтэд холбогдоогүй үедээ номоо сонсох боломжгүй нь хөдөө орон нутгаар явдаг, эсвэл утсандаа байнга дататай байдаггүй хүмүүсийн хувьд сул тал болно.
Татах: iOS
3. DOWNPOUR

Downpour апп-д бүртгүүлэхэд үнэгүй ч номуудаа бүгдийг нь худалдаж авдаг. Гэсэн хэдий ч ихэнх ном нь 30-60 хоногийн турш түрээслэх боломжтой байдаг учраас энэ хугацаандаа амжаад сонсчихвол худалдаж авах шаардлагагүйгээр нэлээн өргөн сонголттой номын санг ашиглах боломж бүрдэнэ. Номоо түрээслээд авчихвал интернэтэд холбогдоогүй байсан ч сонсож болно. Гарчиг, сонсож байсан хэсгээ тэмдэглэх, 30 секунд алгасах гэх мэт энгийн тохиргоотой. Нэг ном түрээсэлсэн бол түүнийгээ эргүүлж өгч байж л дараагийн номоо авдаг, мөн таны сонсохыг хүссэн номыг өөр хүн түрээсэлчихсэн бол эргүүлж өгтөл нь хүлээх хэрэгтэй болдог зэрэг сул талуудтай ч хүссэн үедээ номоо худалдаад авчих боломжтой учраас хэрэглэгчдэд таалагддаг.
Татах: iOS, Android
4. STITCHER

Stitcher-ийн хэрэглэгчид аппдаа маш үнэнч байдаг нь personalize хийх буюу өөрийнхөө сонирхолд тааруулан өөрчилж болдог уян хатан загвар, зохион байгуулалттай нь холбоотой. Апп руу ормогц харагдах нүүр хэсэгт таны анх бүртгүүлэхдээ өгсөн мэдээллийн дагуу сонирхлыг чинь татаж магадгүй гэсэн цувралуудыг санал болгоно. Мөн өөрийнхөө сонирхсон цувралуудаар Playlist үүсгэж, Stitcher хэрэглэдэг найзуудтайгаа холбогдон юу сонсож байгаа, ямар сэтгэгдэлтэй байгааг мэдэж болно. Та үнэгүй хувилбарыг нь хэрэглэж болохоос гадна сарын 4.99 доллар төлөөд сурталчилгаагүй цувралууд болон оригинал цувралуудыг сонсох эрх худалдаж авч болно.
Татах: iOS, Android
5. OVERCAST

Минималист, энгийн хэрнээ тодорхой загварт дуртай хүмүүст тохиромжтой апп. Ихэнх подкаст аппууд сурталчилгааны талбай ихтэй, замбараагүй гэмээр олон өнгө будаг шавсан байдаг бол энэ апп нь цэгцтэй, бараг хэтэрхий энгийн гэмээр загвартай. Overcast-ийг нээж ормогц таны дагаж байгаа цувралын жагсаалт гарч ирнэ. Харин баруун дээд буланд нь байгаа нэмэх товчлууртай тэмдгийг дарж технологи, бизнес, урлаг гээд төрөл бүрийн цувралууд шинээр хайна. Ерөнхийдөө дизайны хувьд өөр илүү дутуу юм байхгүй. Загварын хувьд маш энгийн ч гэсэн ном уншиж байгаа хоолой нь жигд өнгөтэй, шинэ хуудас руу холбогдохгүйгээр дараагийн бүлэг рүү шилжих боломжтой гээд бусад аппуудад байдаггүй олон тохиргоотай. Гэхдээ харамсалтай нь энэ апп зөвхөн IOS системд зориулж бүтээгдсэн учраас Android үйлдлийн системтэй хэрэглэгчид ашиглах боломжгүй.
Татах: iOS
Нийтлэлийг бичсэн: Г. Сайнбилэг

Сэтгэгдэл бичих

