Цагаан сарын шинийн нэгэн тохиож буй энэ сайн өдөр бид Batu Digital компаниас гаргасан Noyon Hutagt апп-ийг танилцуулж байна. Энэ бол Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн үүх түүх, үзэл баримтлал, зохиол бүтээлүүд болоод Хамарын хийдийн танилцуулга, тийш аялах зөвлөмжийг сонирхолтой байдлаар багтаасан апп юм.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Монголын шашин, соён гэгээрэл, уран зохиолд Равжаа хутагтын оруулсан хувь нэмэр үлэмж их. Энэ их хүний талаар монголчууд би ерөнхийд нь гадарладаг боловч хийж бүтээсэн зүйлсийг нь нарийн сайн мэддэг билүү? Тэгвэл энэ апп Говийн догшин ноён хутагт болон түүний үүсгэн байгуулсан Хамарын хийдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг цэгцтэй байдлаар өгөх юм.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Апп ерөнхийдөө Данзанравжаа, Хамарын хийд, Оюуны лянхуа гэсэн 3 үндсэн хэсгээс бүтдэг. Эхний хэсэгт Говийн догшин ноён хутагтын түүх намтрыг танилцуулах бол хоёр дахь хэсэгт Хамарын хийдийн үүсэл хөгжил, Шамбалын орон, Сүм дацнууд, Хүслийн уул, Өвгөн суварга гэх мэт тус хийдийг зорьж буй хүмүүсийн үзвэл зохих газруудын тухай оруулж өгчээ. Мөн Хамарын хийд рүү аялахдаа хэрхвэл зохих тухай зөвлөгөө өгүүлсэн бий.

Харин гурав дахь хэсэгт урьд хоёр бүлгээс уншсан мэдсэн зүйлсээ тогтоож авснаа шалгах тест, Равжаа хутагтын хэд хэдэн зурагт эшлэл, Үлэмжийн чанар, Ичиг ичиг, Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу зэрэг алдартай зарим бүтээлүүд нь багтжээ. Эдгээр бүтээлийг та уншихаас гадна сонсох боломж бий нь олзуурхууштай.

Ямар сул талтай вэ?

Энэхүү апп нь Равжаа хутагт болон Хамарын хийдэд зориулагдсан гэдгээрээ жаахан хязгаарлагдмал хүрээтэй гэж хэлж болно. Гэхдээ түүх уламжлалаа хүндэлдэг, үе үе гүнзгий утга агуулга бүхий яруу сайхан шүлэг найраг сонсохыг хүсдэг хүмүүсийн утсанд байвал зохих апп юм.

Unread-ийн үнэлгээ

Энэхүү апп-д Unread 7 оноо өгч байна.