Бид өдөр бүр тааварлашгүй олон зүйлстэй учирч, баяр гунигийн алинтай нь ч нүүр тулсан бай үргэлж урагш тэмүүлж амьдардаг билээ. Эдгээрийн дотроос хүний сэтгэлд мартахын аргагүй хүчтэй мэдрэмж төрүүлсэн зүйлүүд л дурсамж болон үлддэг. Хожим тэр мөчөө нэхэн санагалзахуйд дурсамжаараа дамжуулан өмнөх үедээ очсон мэт санагддаг нь хамгийн сайхан. Хааяа уйтай байх нь ч бий. 

Ихэнх хүмүүсийн хувьд баяр ёслолын үеэр хайртай дотны хүмүүстэйгээ цугларч, үүрдийн дурсамжийг хамтдаа бий болгодог шүү дээ. Тийм ч учраас Unread-ийн өнөөдрийн нийтлэлээр бид долоон хүмүүний дотоод ертөнцөөр аялж, шинэ жилтэй холбоотой дурсамжаас нь та бүхэнтэй хуваалцахаар бэлдлээ.

Бүтээх дурсамжууд чинь таны гарт бий.

Шинэ оны мэнд хүргэе!

Г.Хулан

Гадаадад амьдардаг байхдаа шинэ жилээр найзууд болон хамаатнуудаараа цугларч, бэлэг солилцдог байлаа. Хоорондоо сонин сайхнаа ярилцаж, инээлдэж хөгжилдөн, халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэг байсан нь миний хувьд гадаадад байхын хэцүүг бага ч атугай мартагнуулдаг байсан юм. Харин Монголд ирснээс хойш шинэ жил гэхээр энэ дурсамжууд хамгийн түрүүнд санаанд ордог болсон доо.

С. Цолмон

Бага байхдаа шинэ жилээр ээжийгээ ажлаасаа ирэхийг нь маш их хүлээдэг байсан. Эмч хүн, тэр дундаа түргэний эмч болохоор баярын өдрүүдэд амрахгүй байх тохиолдол зөндөө. Он солигдсоны маргааш 1 сарын 1-нд ээжийгээ ирж байхыг цонхоор хараад ямар их баярладаг байснаа үгээр илэрхийлж чадахгүй байна. Шинэ жил бол яалт ч үгүй гэр бүлийн баяр.

Б.Болор

Одоогоос долоон жилийн өмнө, 12 сарын 31-нд хүүгээ олсноо мэдсэн юм. Яагаад ч юм ийм баяртай үйл явдлууд нэг дор давхацсаныг бодохоор цаанаасаа утга учиртай юм шиг санагддаг. Тийм ч учраас миний хувьд шинэ жил гэдэг хамгийн сайхан баяр.

Э. Бадамсэрээжид

Манай гэр бүлийн хувьд шинэ жилийн баярыг даруухан тэмдэглэдэг учраас үүнтэй холбоотой тод дурсамж шууд санаанд орж ирэхгүй байна. Харин гацуур мод бодогдлоо. Яагаад гэвэл өвлийн өвгөн, цасан охидоос илүү бодитой зүйл шүү дээ.

А. Хулангоо

Миний хувьд шинэ жилээр хайртай дотны хүмүүсдээ зориулж өөрийн гараар бэлэг бэлдэх нь хамгийн тод дурсамжийг бүтээдэг. DIY байдлаар яг өөрөө хийхийг хичээдэг тул бэлэг бэлдэх явцад тохиолдсон хөгжилтэй явдлууд хэзээ ч санаанаас гардаггүй. Эцэст нь бэлэг авсан хүмүүсийнхээ баярлаж байхыг харах үнэхээр сайхан шүү.

Б.Хатанбаатар

Одоогоос хоёр жилийн өмнө найзуудтайгаа хамт голын мөсөн дээр он гаргаж байлаа. 12 цаг болж, оргилуун дарс буудуулсан авч бидний хэн нь ч уугаагүй. Яагаад гэвэл бүгдээрээ машинтайгаа цуглаад, мөсөн дээр дрифт хийж байсан юм. Тэр үед гадаа маш хүйтэн, бүгдээрээ нэлээн даарчихсан байсан ч мартагдахааргүй дурсамжийг бүтээж чадсан.

Н.Энхжин

Миний хувьд шинэ жилтэй холбоотой тод дурсамж санаанд орж ирэхгүй байна. Гэхдээ ирээдүйд шинэ жилээр бүтээхийг хүсдэг дурсамж бол бий. Хэзээ нэгэн өдөр талбайн гацуурын хажууд он солигдох мөчид хайртай хүнтэйгээ үнсэлцээд зогсож байвал гоё доо гэж боддог. Надаас өөр ийм төсөөллийн дурсамжаа бүтээчихсэн хүмүүс олон байгаа гэдэгт найдаж байна.

Хүн бүрд шинэ жилийн баяртай холбоотой сайхан, саар, хөгжилтэй, бүтэлгүй гээд янз бүрийн дурсамж байгаа нь мэдээж. Тиймээс та ч гэсэн өөрийн дурсамжаасаа хуваалцаж, сэтгэгдлээ үлдээгээрэй.

Баярлалаа.